Мөнгөний нийлүүлэлт ӨССӨН дүнтэй гарав

2016 оны 4 сарын 14

Гуравдугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 10.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар өссөн байна. 2010-2012 онд мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт дунджаар 39 хувьтай байж, эдийн засгийн өсөлтийг хангаж байжээ. Харин шинжээчид мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 20 хувиар өсч байж, хувийн хэвшлийг дэмжих боломжтой гэж үздэг. Тиймээс одоогоор мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн өсөлтийг хангах хэмжээнд хүрэхгүй байна. Нэг талаас хэрэглээний үнийн индексийн сарын өсөлт 0.5 хувьтай байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1 хувиар өссөн нь эдийн засагт цэвэр дүнгээрээ санхүүжилт нэмэгдсэнийг илтгэж байна. Харин банкуудын олгосон зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцсийн байдлаар 11.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.7 хувиар өсчээ. Ийнхүү 2016 он гарснаас хойш анх удаа дээрх үзүүлэлт өсөлттэй гарлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгохоо больсны дараа арилжааны банкуудын зээл олголтын хэмжээ ерөнхий дүнгээрээ буурсан аж. Харин гуравдугаар сард ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгож эхэлсэн нь банкуудын зээл олголт нэмэгдэхэд нөлөөлжээ. Хэдий тийм боловч зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны мөн үеэс 443.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурсан дүнтэй гарчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл тус бүр нийт зээлийн 8.2 хувийг бүрдүүлж байна. Ялангуяа хугацаа хэтэрсэн зээл 967.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 2.3 хувиар буурчээ. Харин чанаргүй зээл 965.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 6 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31588
0 эможи
keyboard_arrow_up