Гадаад худалдааны тэнцэл 359.9 сая ам.долларын ашигтай гарав
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл хоёр жил орчмын хугацаанд тогтмол ашигтай гарч байгаа ч сүүлийн саруудад ашгийн хэмжээ буурах хандлагатай боллоо. Эхний улиралд гадаад худалдааны тэнцэл 359.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.1 сая ам.доллараар буурсан дүн болжээ. Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээр эхний улиралд экспорт 959 сая ам.доллар, импорт 599.1 сая ам.доллар байлаа. Тайлант хугацаанд нүүрс, зэсийн баяжмал, боловсруулаагүй газрын тос зэрэг эрдэс бүтээгдэхүүний экспорт өссөн бол төмрийн хүдрийн экспорт буурсан гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас урьдчилсан байдлаар танилцууллаа. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр 33.4 хувиар, боловсруулаагүй газрын тосны экспорт 15.6 хувиар, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт 18.3 хувиар тус тус өссөн байна. Гэхдээ түүхий эдийн ханш уналттай байгаатай холбоотойгоор улсын экспортоос орж ирэх мөнгөн урсгал 120 сая орчим ам.доллараар буурчээ.