5% зээлээр ОРОН СУУЦ авахад сард хэдэн төгрөг төлөх вэ?
Улаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд, 204 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий гэсэн судалгааг Монголын ипотекийн корпорациас гаргажээ. Өөрөөр хэлвэл өнөөдрийн байдлаар найман хувийн зээлд хамрагдах боломжтой (өрхийн орлого нь шаардлага хангасан) 64 мянган өрх байна гэсэн үг юм.
Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өчигдөр УИХ-д өргөн баригдлаа. Ингэснээр орон сууцны зээл дахин олгогдох нөхцөл бүрдэхийн зэрэгцээ, зээлийн хүү таван хувь хүртэл буурах боломжтой. Харин урьдчилгаа 30 хувийг бууруулах нь иргэдийн зээл төлөлтийг хэмжээ нэмэгдэх, мөн зээл авахыг хүссэн иргэдийн өрхийн орлогод тавих шаардлага нэмэгдэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанк зэрэг албаны хүмүүс мэдэгдэж байгаа билээ.
Зээлийн хүү таван хувь болсон тохиолдолд иргэд өрхийн орлогоосоо хамаарч хүссэн орон сууцаа (шинэ зээлийн нөхцлөөр 80 метр квадрат хязгаар байхгүй болж байгаа) худалдан авах боломжтой болж байгаа юм. Ингээд таван хувийн хүүтэй зээлд хэдэн төгрөгний орлоготой өрх, хэдэн метр квадрат орон сууц худалдан авч болох, мөн сар бүрийн зээл төлөлт ямар хэмжээтэй байх талаар тооцоолол хийж үзэцгээе.
-8 хувийн зээл авахын тулд иргэд доод тал нь 1-1.5 сая төгрөг болон түүнээс дээш орлоготой байж гэмээнэ 80 метр квадрат хүртэлх орон сууц худалдан авах боломж бүрдэж байгаа. Тухайлбал иргэн н.Баяр 8 хувийн зээлд хамрагдахдаа метр квадратын дундаж үнэ буюу 1 сая 350 мянган төгрөгөөр бодож 80 метр квадрат, 108 сая төгрөгийн үнэтэй байрыг жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авахыг хүсвэл сарын орлого нь 1 сая 405 мянган төгрөг байх шаардлага тавигдана. Урьдчилгаа 30 хувиа төлснөөр 75 сая 600 мянган төгрөгийг 20 жилийн хугацаатайгаар сар бүр 632 мянган төгрөгийг банкинд төлөх нөхцөл бий болж байна.
-Тэгвэл зээлийн хүү 5 хувь болж буурснаар иргэн н.Баяр 80 метр квадрат 108 сая төгрөгийн үнэтэй байрыг сард 499 мянган төгрөг төлж худалдан авах боломжтой болно. Ингэхээр иргэн н.Баярын өрхийн орлого 1 сая 110 мянган төгрөг болж 300 орчим мянган төгрөгөөр буурч босго нь намсч байна. Харин сар бүр төлдөг мөнгөний хүү 5 хувь болж буурснаар 110 мянга орчим төгрөгийг сар бүр хэмнэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та сард бага мөнгө төлж хэмнэсэн мөнгөө өрхийн бусад хэрэглээнд зарцуулах боломж бүрдэнэ.
-Мөн дараагийн хувилбар буюу бага метр квадрат бүхий байрны жишээгээр бодож үзэцгээе. Иргэн н.Баяр 40 метр квадрат орон сууц худалдан авахаар 5 хувийн хүүтэй зээлд хамрагдлаа гэж бодъё. Тэгвэл орон сууцны метр квадратын дундаж үнэ буюу 1 сая 350 мянган төгрөгөөр бодвол 54 сая төгрөг болно. 54 сая төгрөгийн урьдчилгаа 30 хувиа төлөөд 37 сая 800 мянган төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй төлөхөөр бол сард та 249 мянган төгрөгийг банкинд төлөх юм. Тэгвэл танай өрхийн сарын орлого 550 мянган төгрөг байхад та зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Байрны метр квадратын үнэ буурах тусам таны сард төлөх мөнгөн дүн буурахаас гадна банкиас тавих өрхийн орлогын босго багсана гэж ойлгож болно. Банкны зүгээс таны цалингийн 40 хувь орчим нь зээлд төлөгдөнө гэж тооцдог байна. Тэгэхээр зээлийн хүү 5 хувь болж буурснаар олон өрх айл байрны зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Та ЭНД ДАРЖ таван хувийн хүүтэй зээлээр орлогоосоо хамаарч хэдэн метр квадрат орон сууц авах, сар бүрийн зээлийн төлөлт хэдэн төгрөг байх талаар тооцоолж үзнэ үү.