З.Баянсэлэнгийн бас нэгэн шоу
Томилогдсон цагаасаа л намынхаа даргын төлөө үнэнчээр зүтгэсэн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн 100 хоног дээрээ салбартаа зориулж хийсэн нэг ажил нь ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах санамж бичиг байгуулсан явдал. Нөгөө нь "Авъяаслаг монголчууд" тэмцээнд амжилттай оролцсон барилгачин залууг баярлуулах. Гэвч, сайдын шагнал, санамж бичигт барилгачин залуу ч барилгын компаниуд ч, иргэд баярласангүй. Яагаад вэ?
Санамж бичиг байгуулсан зүтгэлийг нь уг нь сайшаамаар байвч сайдын үйлдэл цаг үеэ мэдэрч чадсангүй гэж хэлмээр байна.
90 хувь бол бэлэг биш шүү дээ. Засгийн газар 20 хувьд нь батлан даалт гаргалаа гэхэд үлдсэн 90 хувийг сар болгон хүүтэй нь хамт төлөөд явна. Энэ бол сайхан санаачлага ч биш, санамж бичиг байгуулснаар амар хялбар бүтчих асуудал ч биш.
Тэгээд ч эхлэх хугацаа нь товлогдоогүй, ипотекийн зээлийн урьдчилгааг 10 болгох санхүүжилт нь ч тодорхойгүй энэхүү санамж бичгийг ирэх сонгуулийн шоу төдий байх магадлал өндөр.
Одоогоос найман сарын өмнө Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 10 хувь болгон бууруулж, үлдсэн 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах шийдвэрт хүрснийг зарлаж байснаас хойш энэ салбарт юу ч өөрчлөгдсөнгүй. Үнэндээ Д.Цогбаатар сайд асан энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэдэд гэхээсээ эздийн үгийг илүү чиглүүлсэн болов уу. Ингэж хардах болсон үндэслэл нь “Илүүдэл орон сууцыг борлуулахын тулд ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах” гэсэн түүний үг.
Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулснаар нэг сумаар хоёр ч туулай буудаж, ирэх сонгуулиар иргэдээс “коко” авна гэж бодсон сайд асны хувьд “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болоод өнгөрсөн л дөө. Харин түүний ажлыг “өвлөж” авсан Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн 100 хоногийн ой дээрээ барьсан бэлгийг бахархаж хийгээд баярлан хүлээн авах хүн олдохгүй байгаа шалтгаан нь банкны холбооноос гаргасан шийдвэр юм.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор банкны холбооныхон мэдэгдэл гаргаж, арваад хоногийн өмнөөс арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл олголтыг царцаасан.
Найман хувийн зээл олголт нэгэнтээ царцчихаад байхад санхүүжилт ч үгүй байгаа сайдын байгуулсан санамж бичгийг дагуу энэ ажил иргэдэд хүртээмжтэй хэрэгжинэ гэж итгэхэд ч хэцүү.
Тэгээд ч барьцаалбар, банкны эрсдэлтэй холбоотой асуудал нэг мөр шийдэгдээгүй байгаа цагт ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулж, үлдсэн 20 хувьд Барилга хот байгуулалтын яам батлан даалт гаргана гэдэг үлгэрийн далай. Тэр тусмаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын хөтөлбөрт зөвхөн Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан өрхийн амьжиргааны түвшний 5-17 бүлэгт хамрагдсан өрхүүд хамрагдана гэхээр энэ хөтөлбөр бүтэхгүй гэдэг эндээс тодорхой байна. Өрхийн амьжиргааны 5-17 бүлэгт машинтай, хоёулаа ажил хийдэг иргэн хамрагдахгүй гээд хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасахаар болсон биз дээ. Хүүхдийн мөнгө авах эмзэг бүлгийнхэнд ипотекийн зээлээр авсан байрныхаа 90 хувийг төлөх боломж байх уу.
90 хувь бол бэлэг биш шүү дээ. Засгийн газар 20 хувьд нь батлан даалт гаргалаа гэхэд үлдсэн 90 хувийг сар болгон хүүтэй нь хамт төлөөд явна. Энэ бол сайхан санаачлага ч биш, санамж бичиг байгуулснаар амар хялбар бүтчих асуудал ч биш. Тиймээс энэ бол баярлаад бахархаад байх асуудал биш юм. Учир нь, ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулснаар эдийн засагт ямар эрсдэл учрах вэ гэдгээ эхлээд тооцож ёстой. Зээлийн урьдчилгаа бага байх тусам банкныхан эрсдэл орох, банк, санхүүгийн салбараа татан унагавал эдийн засаг дагаад дампуурах аюулыг хэлээд өгөх АНУ-ын гашуун туршлага байна.
Тэр тусмаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл царцаж, ойлгомжгүй төвөгтэй байдалд орсон банкныхан З.Баянсэлэнгэ сайдын баталгаанд итгэх нь юу л бол.
Ирэх 2016 он хүртэл иргэд минь зүрхээ гамнаарай. Энэ мэт сайхан санаачлага, санамж бичгүүд ар араасаа ундрах болно. Харин ажил хэрэг болохыг сайдын амлалт биш цаг хугацаа л харуулна шүү дээ.