Долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцжээ
Монголбанкны өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэнэ.
Сангийн яамнаас зарим яам агентлагуудыг цөөлөх бодлого барьж байгаа хэдий ч алдагдлыг гурван хувиар тооцсон нь эдийн засагт том дарамт авчирна гэж эдийн засагчид шүүмжилж буй.
Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг 6-7 хувь, долларын ханшийг 2030 төгрөг байхаар, зэсийн ханшийг 5137 байхаар Сангийн яам тооцжээ.
Харин дотогшлох долларын урсгалууд татарснаар Монголын дотоодын зах зээлд зарагдаж байгаа долларын ханш 1998-2002 төгрөгийн хооронд хэлбэлзсэн хэвээрээ байна. “ Найман шарга” зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна. Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлж байгаа голлох шалтгаануудын нэг аж. Тиймээс гадаад валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар 30 хувиар унажээ. Долларын ханш цаашид бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондыг дахин амжилттай арилжсан гэх мэдээлэл бий. Гэвч нөгөө талдаа энэ жилийн байдлаар хөрөнгө оруулалт дөнгөж 44 сая доллар, улсын төсвийн орлого 800 орчим тэрбумаар тасарсан нь долларын ханшид сөргөөр нөлөөлж буй юм.