Коридор ч яахав, цаана чинь цаг эргэж байна!
Их сонин асуулт байгаа биз. Бүхэл бүтэн монголчуудын арыг даах эзэн хэрэгтэй байгаа болохоор л ингэж асуугаад байгаа юм. Яагаад гэхээр манайх шиг догонцсон эдийн засагтай улсад баяр наадам дуусахгүй, дээрээс нь дарга нарын халаа сэлгээ тасрахгүй, сандал, ширээний төлөөх хэрүүл бүр дуусахгүй юм...
Ард түмэн тээр доор аврах завь ирэхийг хүлээн хүйтэн далайн усанд тийчигнэж байгаа “Титаник” киноны олны хэсэг шиг л сарвалзаж байна. Харин сайд, дарга нар маань тээр дээр нэг нэгэндээ тууз хайчлан, чихэндээ улс төр гэдэг нэртэй хөгжим хангинуулсан чихэвч зүүчихээд даналзаж явна. Иргэд бидний тоолдог нь дутаад, үрдэг нь өндөрт тулаад байгаа энэ цаг үед байдал хүндэрвэл хэн бидний арыг даах болж байна. Лав л энэ дарга нар хэрэг бишидвэл эхнэр, хүүхдээ аваад агаарын хөлгөөр тив дамжаад нисээд одно. Харин бид хямралтайгаа зууралдаад хэдэн бор төгрөгөө өөрөөсөө нуусаар хоцрох уу.
Энэ хооронд ес хоногийн турш их хааны сэтэртэй баяр тэмдэглэнэ гэнэ. Төгрөг тойргоороо улам л жижигрээд байхад баяр наадмын уухай улам л өргөжөөд байх юм. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш бүр 2000 давчихлаа. Банкуудын гаргадаг зээл хумигдсаар сүүлдээ иргэд бид чинь зөв зүгээр байж байгаад жолоодлогогүй төрийнхөө өмнөөс найдваргүй зээлдэгчид шиг л банкуудын нүдэнд үзүүрлэгдэх боллоо. Байрны барьцаа 10 хувь боллоо гэж баахан рекламдсан. Начир дээрээ зүгээр л “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй” гэгчээр нэрийг нь л солиод бусад үзүүлэлтийг нь энд тэнд нь хөөрхөн шингээж орхисон байна лээ. Лав л нэмж моргэжийн зээл авъя гэж зүтгэх хүн ховор байна.
Оросод угаасаа Хятадыг дамжуулан хийн хоолойгоо тавих сонголт нь эдийн засгийн хүндрэлээс гаргах гарц нь болчихлоо. Харин Хятадын хувьд хөрөнгийн зах зээл нь “өвдчихсөн”, эдийн засаг нь царцаад эхэлчихсэн болохоор шинэ гарцыг хайж байгаа нь энэ.
Дэлхийн талыг нэгэнтээ эзэлж явсан гэж өөрсдийгөө омогшуулдаг биднээс санхүүгийн ертөнц өөрөө онцгой хариуцлага нэхээд байх шиг. Юу гэхээр, шаардлагагүй олон албан тушаалтнаасаа төрийн төмөр нүүр гаргаж салах, ажиллах хүчнийг үр ашигтай ажиллуулах, цалинг бүтээмжээр үнэлэх гээд л... Яагаад гэхээр хэзээнээсээ л бид чинь цалингаа хийсэн бүтээснээр нь биш нэхэж шаардаж, жагссанаар нь өсгөөд ирчихсэн арвин туршлагатай. Нөгөө талд нь дарга нарын айлчлал нэртэй аялалд тавих хяналт угаасаа байгаагүй. Бас төрийн зардлаар хүүхдээ гадаадад сургачихдаг болохоор төрд ажиллах нь хувийн хэвшилд хуруу хумсаа хуйхлан байж зүтгэхээс амар санагддаг болчихсон. Ийм л байна.
Монголдоо эргэлдэж, тогоон дотроо тонгочиж ханалаа, та минь. Одоо цонхоо нээгээд, цаана чинь юу болж байгааг нэг анзаарвал яасан юм. Хятад, Оростой эдийн засгийн коридор байгуулна гэж манайхан баахан шуугиж хурал цуглаан зарлаж байгааг чихтэй болгон дуулсан байх. Яагаад энэ хоёр том гүрэн бидэнтэй ханцуйн дотроо ийн наймаалцахаар зориод байгааг нэг анзаарахсан.
Оросод угаасаа Хятадыг дамжуулан хийн хоолойгоо тавих сонголт нь эдийн засгийн хүндрэлээс гаргах гарц нь болчихлоо. Харин Хятадын хувьд хөрөнгийн зах зээл нь “өвдчихсөн”, эдийн засаг нь царцаад эхэлчихсэн болохоор шинэ гарцыг хайж байгаа нь энэ. Харин бид мөн л байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг өөрийнхөө нутгаар дамжуулан тавиулах талаар хоёр хөршөөсөө царайчилж суугаа.
Гэвч эдийн засгийн коридор байгуулаад асуудал шийдэгдчихнэ гэж үү. Үгүй дээ. Хамгийн гол асуудал цаана нь хүлээж байна. Энэ бол бие даасан эдийн засгийн бодлого. Хятад, Орос хоёр угаасаа хүнд байхад бид заавал тэднийг царайчлахаасаа илүүтэйгээр Монголдоо бүтээх, үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж яагаад болдоггүй юм. Ингэвэл заавал араа даалгах хүн хайх ч шаардлага алга.
Дотооддоо үйлдвэрлээд, дотооддоо бүтээж суръя. Хийе, бүтээе гэснийг нь нурууг нь тэнийтэл дэмжээд өгье. Ингээд л боллоо. Өөр зүйлийн хэрэг алга. Адаглаад цахилгаан станцуудаа даруйхан үүд хаалгыг нь нээчихье.
Илүүдээ гаргаад гашилгаад байгаа малчдын сүүг хангалттай аваад сүүн бүтээгдэхүүнээр дэлхийг дайлъя. Заавал хятад хувцсаар ноолрох хэрэг юу байна. Дотоодын хэдэн цехээ хөл дээр нь босгоод өгчих, тэгвэл хувцас нь ч хямдхан гарна.
Гадаад улсууд хямарч байгааг дагаад хямрахаа больё. Тэрнээс л боллоо, энэнээс л боллоо гэж бусдаас бурууг хайхаа байя. Өөрөө өөрсдийгөө өөрсдөө хариуцъя.
Грек, Итали, Герман гээд түүхт улсуудаас хараад байхад цаг эргэж байна, та минь. Даяарчлал гэдэг ганган нэртэй зүйл чинь моодноос гарч байна. “Амь амиа бодоорой” гэдэг моод дэлгэрч байна. Хэнээс ч хамааралгүй байж бор ходоодоо болгох минь...