Долларын ханш 2001 төгрөгт хүрлээ
Долларын төгрөгтэй харьцуулах ханш өсч 2000 төгрөг давлаа. Одоогийн байдлаар валют арилжааны "Найман шарга" зах дээр доллар 1999 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны зарим банкууд 2000-2001 төгрөгөөр худалдаалж байна. Тодруулбал, Капитрон, Капитал зэрэг банкууд 2001 төгрөгөөр зарж байгаа аж. Харин бусад банк нь найман шаргатай адил 1999 төгрөгөөр зарж байна.
Саяхан 1900 төгрөгтэй байсан долларын ханш огцом өсөх болсон шалтгаан нь валютын нөөц багассантай холбоотой юм.
Гадаадын хөрөнгө оруулалт энэ хэвээр өсөхгүй байвал долларын ханш нэмэгдсээр байх болно гэж Ерөнхий сайдаасаа эхлээд эдийн засагчид хэлж буй. Тиймээс даруй уул, уурхайн том төслүүдээ хөдөлгөх арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.