Манай улсын ДНБ өмнөх оноос 4.4 хувиар өсчээ
СЗХ-ноос эрхлэн гаргасан, манай улсын I улирлын нэгдсэн тоймоос хэсэгчлэн хүргэж байна.
Манай улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш суларснаас үүдэн экспортын орлого буурч, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларсан нь эргээд эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна.
Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ цэвэр дүнгээр 111 сая ам.долларт хүрч, 2014 оны нэгдүгээр улирлаас даруй 391 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа ба гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь эргээд татварын орлогын хэмжээг бууруулж, төсвийн тэлэх бодлогыг цаашид баримтлах нөхцөлд төсвийн алдагдал өсөх хандлагатай.
Монголбанкнаас төсвийн тэлэх бодлоготой холбогдуулан мөнгөний хатуу бодлогыг сүүлийн жилүүдэд барьж ирсэн нь хувийн салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах, төсвийн хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай байдлыг бий болгож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий, урт хугацааны санхүүжилтийн зохистой тогтолцоог бий болгох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрэлт, нийлүүлэлт, дэд бүтцийн уялдаа холбоонд тулгуурлан эрчимжүүлэх чиглэлээр бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн интеграцид нэгдэх шаардлага бий болжээ.
Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
Дотоодын нийт бүтээгдэхүүн: ДНБ-ий бодит өсөлт 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцоход 2015 оны эхний улиралд 2854.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 119.6 тэрбумтөгрөг буюу 4.4 хувиар өссөн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг оны үнээр тооцоход 2015 оны эхний улиралд 4525.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 390.8 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар тус тус өсөлттэй байна. Дээрх өсөлтөд
- Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 9.2,
- Аж үйлдвэр, барилгын салбар 13.1,
- Үйлчилгээний салбар 3.3 хувиар өссөн нь голчлон нөлөөлжээ.
Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011-2012 онд огцом нэмэгдсэн. Үүнээс улбаалан, хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны эрэлт өссөн нь үнэт цаасны зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон билээ.
Гэвч 2013 онд олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш буурсан, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тодорхойгүй байсан зэрэг шалтгааны улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан.
Макро эдийн засгийн хүрээнд 2006-2014 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 17.0-7.8 хувийн хооронд байсан хэдий ч орлогын хуваарилалт оновчтой бус байгаагаас иргэдийн орлогын болон амьжиргааны түвшинтэй хамааралгүй, эдийн засгийг хөдөлгөгч нийгмийн хүчтэй дундаж давхарга бий болж чадаагүй зэрэг нь үнэт цаасны зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.