Орон сууцны үнийн индекс 7 сар дараалан буурсан байна
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.4 хувь буурсан бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад мөн -5.06 хувиар буурчээ.
Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.
Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.3 хувиар буурсан, оны эхэн үеэс -2.78, өнгөрсөн оны мөн үеэс -8.29 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн утга | 1.173 | 1.254 | 1.129 |
Өмнөх сартай харьцуулахад | -0.5% | -1.37% | -1.3% |
Оны эхэнтэй харьцуулахад | -1.4% | -1.08% | -2.78% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -5.06% | 0.55% | -8.29% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4068 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.









