Шинэ орон сууцны зах зээлийн судалгаа
Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны 1 сарын байдлаар нийт 180 төсөл хэрэгжиж байгаа ба үүнээс 179 нь судалгааны шаардлага хангаж байгаа юм. Эдгээр 179 төслийн 54.7% нь БГД болон БЗД-т, 74.9% нь карказ хийцтэй, 21.8% нь хотын төвд байршилтай, 49.2% нь ашиглалтанд орсон бол 91.1% нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл байна.
2015 оны 1-р сарын байдлаар зах зээлд борлуулалт хийж буй судалгаанд хамрагдсан нийт 179 шинэ орон сууцны төслийн 1м2-ын дундаж үнэ 2,365,158₮-ийн үнэтэй гарлаа.
Нийт төслийн 91.1% нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл бөгөөд дундаж үнэ нь 2,209,789₮ байсан бол дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,947,979₮-н үнэтэй байв. Үнийн ялгаатай байдлыг дүүргийн хувьд авч үзвэл, СБД, ХУД-т хамгийн өндөр бол СХД, НД-т хамгийн хямд үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд 1-р сарын байдлаар нийслэлийн СБД хамгийн өндөр үнэтэй буюу 3,153 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол тус дүүрэгт хамгийн багадаа 1,719 мянган төгрөг, хамгийн ихдээ 6,5 сая төгрөгийн үнэтэй төслүүд байна. Хан-Уул дүүрэг 2,726 мянган төгрөг, БЗД 2,264 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.13 сая төгрөгөөс доош үнэлгээтэй гарлаа. Мөн үнийн ялгаатай байдлыг зэрэглэл, байршил, барилгын хийцээр харахад дараах байдалтай байна.
Хотын төвд байрлаж буй энгийн зэрэглэлтэй орон сууцны дундаж үнэ 2,356 мян.төг байгаа бол дээд зэрэглэлийн орон сууцны төслийн дундаж үнэ 4,666 мян.төг байна. Харин хотын төв бус газар байршилтай тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,250 мян.төг, энгийн зэрэглэл нь 1,823 мян.төг үнэтэй байна.
Хотын төвд байрлалтай дундаж зэрэглэлийн орон сууцны 1м2-н дундаж үнэ 2,5 сая төгрөгний үнэтэй, дундаж үнийн хазайлт нь 472 мянган төгрөг байна.
Энгийн зэрэглэлийн орон сууц нь 2,3 сая төгрөгний үнэтэй, дундаж үнийн хазайлт нь 261 мянган төгрөг байна. Мөн нийт төслийн үнийг байршлын хувьд авч үзвэл хотын төвийн байрны дундаж үнийн хазайлт хамгийн өндөр буюу 1,02 сая төгрөг, өөрөөр хэлбэл хотын төвөөр байрлаж буй 39 төслийн 70 орчим хувь нь дундаж үнээс дээш, доош 1,02 сая төгрөгний хооронд хэлбэлзэж байна. Хотын төвийн бус байршилтай 140 шинэ төслийн үнийн хазайлт 626 мянган төгрөг байгаа нь үнийн ялгаатай байдал төвийн орон сууцнаас 1.5 дахин бага байна.