Рублийн ханш сэргэж эхэллээ
Гадаад валютын зах зээлд Оросын рублийн доллартай харьцах ханш өчигдрийн байдлаар гэнэт өсч эхэллээ. Хэдэн сар дараалан суларч байсан рублийн ханш гэнэт өссөн явдал олон улсын хэвлэлийнхний анхаарлын төвд байлаа. ОХУ-ын гол экспортын бараа болох газрын тосны үнэ унаж, Украины хямралтай холбоотойгоо барууны орнуудын тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг дагаад долларын урсгал болон хөрөнгө оруулалт багассанаар эдийн засаг нь ноцтой хямралд орсон билээ. Үүний улмаас рублийн ханш ч унаж эхэлсэн юм. Рублийн ханшны сулралтаас урьдчилан сэргийлэх үүднээс тус улсын Засгийн газар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байсан.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар рублийн доллартай харьцах ханш ойролцоогоор 10 хувиар унаж, энэ нь Орос улсын мөнгөн тэмдэгтийн 1998 оноос хойшхи хамгийн томоохон уналтад тооцогдоод байсан юм. Он гарснаас хойш рублийн доллартой харьцах ханш 45 гаруй хувиар буураад байна. Оросын төв банк зах зээлээс рубль худалдан авах зэргээр валютын ханшаа тогтвортой болгох арга хэмжээ авч байсан ч, хүлээгдээд буй үр дүнг авчирч чадаагүй билээ. Тэгвэл тус банк бодлогын хүүгээ 10.5 хувиас 17 хувь болтол нь нэмэх арга хэмжээ авсан нь рублийн ханш эргэн сэргэхэд нөлөөлөв бололтой.
Улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор уржигдар нэг доллар 67.00 рубльтай тэнцэж байсан бол Оросын төв банк өчигдөр бодлогын хүүгээ нэмэх болсоноо зарласны дараа гадаад валютын зах зээлд нэг доллар 60.00 рубльтай тэнцэж, ханш нь эргэн сэргэж буй хандлага ажиглагдав. Тус улс он гарснаас хойш рублийн ханшийг тогтвортой болгоход 70 тэрбум доллар зарцуулжээ.
Бодлогын хүүгээ өсгөх болсон шалтгаанаа төв банкны зүгээс “рублийн ханшийн сулралт болон инфляцийг зохицуулахын тулд” хэмээн тайлбарласан байна. Оросын төв банк өчигдөр гадаад валютаас бүрдэх репо арилжааны тухайд хэмжээнийх нь дээд хязгаарыг эдүгээг хүртэлх 1.5 тэрбум ам.доллараас 5.0 тэрбум ам.доллар хүртэл нь өсгөсөн юм.
Хөрөнгө оруулагчид банкны энэ шийдвэрийг нэлээд нааштайгаар хүлээн авч байгаа тухай эх сурвалжууд тэмдэглэжээ. Нөгөө талаар нэг доллартай тэнцэх рублийн ханш хэд байвал хэвийн үзүүлэлтэд тооцогдох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ тухайд Макро эдийн засгийн дүн шинжилгээний төвийн ахлах эдийн засгийн шинжээч, "Альфа-банк"-ны эдийн засагч Дмитрий Долгин "Валютын суурь ханш гэсэн ойлголт бий. Энэ нь Төв банкны валютын болон нийт мөнгөний харьцаа гэж үздэг. Үүнээс үзэхэд нэг ам.доллартай 44 рубль тэнцэнэ. Гэхдээ энэ эцсийн үнэ биш.
Энэ бол онол дээр тулгуурласан үнэ. Харин зах зээл дээр рублийн доллартай харьцах ханшний үнэ өөр байхыг үгүйсгэхгүй" хэмээн хэлсэн байдаг. Мөн нэг талаас валютын уналт ОХУ-ын хувьд тийм ч таагүй зүйл биш аж. Учир нь төсвийнхөө орлогын нэлээдгүй хэсгийг байгалийн хийн экспортоос бүрдүүлдэг тус улсаас хий импортлосон гадаад түнш орнууд тооцоогоо гадаад валютаар хийх юм. Ингэснээр нэлээдгүй ашгийг олж болох билээ.