Орон сууцны үнэ дөрвөн сар дараалан буурчээ

2014 оны 12 сарын 15

“100 мянган айлын орон сууц”-ыг лего тоглоом шиг эвлүүлчихнэ гэж эндүүрсэн 2011 оны Хамтарсан Засгийн газар тухайн үедээ орон сууцны үнийг хоёр дахин унагана гэж байв. Тэднийхээр бол газрыг нь үнэгүй өгөөд инженерийн шугам сүлжээг нь татчихвал, үл хөдлөхийн зах зээлд 100 мянган айлын орон сууц газар доороос түрж, үнэ буулгах тактик биелэх байсан. Гэвч хоосон амлалтын сургаар 2012 онд үнэ өсч, орон сууцны нэг ам метрийг нэг сая төгрөгт барихад ч хэцүү болов. Тэр цагаас хойш үргэлжилсэн өсөлт өнөөдөр “орон сууцны нэг ам метр нь 2.3 сая гэх дундаж үзүүлэлтэд хүргээд байна. Тэгвэл Монголбанк ээлжит “Орон сууцны үнийн индекс” танилцуулж, Улаанбаатар хотод үл хөдлөхийн үнэ буурсан гэдгийг онцоллоо. 

Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниудын консорциум хамтран Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсоны үндсэнд үл хөдлөх хөрөнгийн үнэ сүүлийн дөрвөн сар дараалан буурсан гэдгийг онцоллоо. Өнгөцхөн харахад үнэ буурсан нь сайшаалтай ч шалтгаан нөхцөл нь эдийн засгийн саар байдалтай уялдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрч иргэдийн худалдан авах чадвар муудсанаар орон сууцны борлуулалт багасчээ гэж ойлгож болох нь.  

Өнөөдрийг хүртэл 26 мянга гаруй иргэнд зээл олгоод байна

Найман хувийн хүүтэй зээл олгож эхлэх үеэр арилжааны банкуудын цахим хуудаст орон сууцны ипотекын зээлийн талаар мэдээлэл авахаар хандсан нийт тоо 486 мянгад хүрч, эрэлт их байгааг илтгэж байсан ч өнөөдрийн байдлаар 26880 иргэнд шинээр орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгосон байна. Тэдэнд арилжааны банкууд нийт 1519.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа ч нийт зээл авахыг хүссэн 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад иржээ.

Харин өмнө нь өндөр хүүтэй орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 818.6 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18661 зээлдэгчийн нийт 526.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээлд шилжүүлжээ.

Орон сууцны 162 төсөл хэрэгжиж байна

“Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниуд орон сууцны үнийн индексийг танилцуулсан бол “Real properties Ulaanbaatar” компани өнгөрсөн сарын байдлаар орон сууцны зах зээлийн төлөв байдлын судалгааг гаргасан байна. Тэдний тайланд Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийт 162 төсөл хэрэгжиж байгаа талаар дурдагдсан бөгөөд нийт төслийн 69 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байгааг онцолжээ.

Харин зах зээлд борлуулалт хийж буй ашиглалтад орсон болон ашиглалтад ороогүй орон сууцны нэг ам метрийн дундаж үнийг авч үзэхэд өнгөрсөн сарын байдлаар 2.3 сая төгрөг байгаа бол шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй дүүргээр Сүхбаатар дүүрэг 2.8 сая төгрөгийн дундаж үнэтэй, Хан-уул дүүрэг 2.6 сая,  Баянзүрх дүүрэг 2.2 сая төгрөгийн дундаж үнэтэй байна. Бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.1 саяас доош үнэлгээтэй гарчээ.
Үнийн ялгаатай байдал, барилгын явц, хийц, зэрэглэл болон байршлаар (“Real properties Ulaanbaatar”, статистик, 2014.11)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13933
0 эможи
keyboard_arrow_up