Мах, өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ
Ойрын өдрүүдэд дулаахан байгаатай холбогдуулан махны нийлүүлэлт нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ. Энэ сарын дөрөвдэх долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь 5800, үхрийн мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногоос 0,5, цул мах нь 1,9 хувиар буюу 19 төгрөгөөр буурчээ. Тэгвэл хонины ястай мах 160 төгрөгөөр, цул нь 40 төгрөгөөр хямдарсан байна. Хамгийн хямд мах борлуулж байгаа хүнсний захаар "Хүчит шонхор" зах бол хамгийн үнэтэй зарагдаж байгаа дэлгүүр нь "Номин" их дэлгүүр байна. Нийслэлийн хүнсний томоохон дэлгүүрт Алтан тариан дээд гурил нэг кг нь 1100-1500 төргөг, нэгдүгээр зэргийнх нь 950-1300, хоёрдугаар зэргийн гурил 750-910 төгрөгийн үнэтэй байна. Харин төмс хүнсний ногооны хувьд өнгөрсөн долоо хоногоос 20-100 төгрөгөөр хямдарчээ.