ОХУ-д мах экспортлохоор боллоо

2014 оны 10 сарын 10

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзан Монгол Улсаас ОХУ-руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцаад тохиролцоонд хүрч чаджээ. Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна. 2014 оны есдүгээр сард Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан дүнгийн урьдчилсан байдлаар зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлаар Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн ойрын үед эцсийн хариуг ирүүлэхээр болсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна.

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолсон байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэнэ гэдгээ ч амлажээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж байгаа тул Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг шинэчлэн үйл ажиллагаа, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард Оросын талын экспертийн багийг хүлээн авч хамтран ажиллах, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар ч тогтсон байна. Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд ганц махны экспортыг ярилгүй Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хамтарсан хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9970
0 эможи
keyboard_arrow_up