Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.09.30- 2014.10.06/
Сангийн сайд Ч.Улаан: Ард түмэн рүү хүрэх мөнгийг нэмж, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна
Бид төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн. Хэмнэлтийн горимын үед зарлагыг огт нэмэгдүүлэхгүйгээр байх таван зарчмыг баримтална гэж байгаа. Ирэх оны хувьд зээлийн төлбөр үйлчилгээ ямар нэгэн хэлбэрээр төсөвт дарамт болохгүй. Нийт дүнгээрээ 500-гаад тэрбум төгрөгийн төлбөр хийнэ.
Төсвийн гадуур байсан эх үүсвэрүүдийг төсөвт оруулснаар хэмжээ нэмэгдэж байгаа. Ам.доллар оны эцэст 1750 орчим төгрөгт очих байх. /Өдрийн сонин 2014.10.06/
Эдийн засагч Д.Даваасүрэн: Монгол улсын эдийн засаг хямарсан уу?
Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ч олон нийт, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдын анхаарлыг ихээхэн татаж байна....Тэд үгсийн сангаасаа хямрал гэдэг үгийг хасаад, харин түүний оронд арай сайхнаар дуудагдах уналт, аль эсвэл улаашрал ч юм уу, гажуудал гэх зэрэг нэршил оруулаад ирчихсэн байна. Юу ч гэж нэрлэсэн бай, эдийн засгийн мөчлөг дэх хямралыг үе шат нэгэнт үүссэн л бол тэр эдийн засагт, нийгэмд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй юм. / Өнөөдөр 2014.10.02/
Азийн хөгжлийн банкны Монгол улс дахт Суурин төлөөлөгч М.Шоэллхаммэр: Монгол улсын Засгийн газар зээлийн хугацаандаа анхаармаар байна
Ерөнхийд нь хэлэхэд аль болох төслүүдээ хурдан хугацаанд л хэрэгжүүлдэг болмоор байна. Засгийн газрын төвшинд үүнд анхаарч товолсон хугацаанд нь хэрэгжүүлж байвал сайнсан. Тэгвэл илүү их үр дүнтэй болно. Эцсийн эцэст энэ бүхний ард ашиг хүртэгч нь ард түмэн байгаа. / Зууны мэдээ 2014.10.02/
Монфреш группын ерөнхийлөгч Т.Насанхүү: Бид мөнгө гуйхгүй, зөвхөн татварын бодлогоор дэмжээсэй
Бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Эдийн засгийг дотор нь хөгжсөн, хөгжиж буй, мөн буурай гэж гурав ангилдаг. Манай улсын хувьд хөгжиж буй эдийн үасагтай орон. Хувьцаа хөгжсөн буюу хөгжиж байгаа зэх зээлд бодит утгаараа хэрэгждэг. Бүх зүйлийн үнэ өсч байхад манай бүтээгдэхүүний үнэ буурч байна. Үүний суурь нь бид импортын хамааралгүйгээр дотоодын шингэн сүүгээ боловсруулдаг учраас валютын ханшийн өсөлтөд нэрвэгдэхгүй. /Зууны мэдээ 2014.10.01/