Ч.Ганхуяг: Рио Тинтог эзэмшдэг банкуудын хувьцааг ч авч болно шүү дээ
Манай эдийн засгийн гол асуудлын нэг нь гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буураад буйг хэрхэн яаж эргэж сэргээх вэ. Энэ талаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай сэтгүүлчид цөөн хором ярилцлаа.
- Монголын эдийн засгийн ирэх 20 жилийн зураглалыг гаргаж байна. Эдийн засгийг 70 тэрбум ам.доллараар өсгөх боломжтой гээд ярьж байна. Энэ боломжтой тоо юу?
- Боломж дүүрэн байгаа. Бид ямар их баялаг дээр суучихаад байгаа билээ. Энэ баялгийг зөв, бүрэн дүүрэн ашиглаж чадвал боломж бий. Үүнд саад болж буй зүйл багагүй.
Дорноговийн ураны асуудлыг л хэлэхэд хангалттай. Хэн ч уранаар цөмийн зэвсэг хийгээд бид нарыг дэлбэлээд алчихъя гэж яриагүй. Шар нунтагаа гаргаж үзье. Боловсон хүчнээ одооноос бэлдье л гэсэн асуудал.
Магадгүй 20 жилийн дараа цөмийн физикч хүмүүс бидэнд хэрэг болохыг үгүйсгэхгүй. Яагаад үүнийг эсэргүүцээд байдгийг ойлгохгүй байна. Бид нар юмаа сурч авах хэрэгтэй байна. Дэлхий нийт аль болох цэвэр эрчим хүч ашиглах гээд цөмийн энерги рүү шилжиж байхад бид нар хадны мангаа гэж бодоод байдаг. Үүнийг ярьдаг улстөрч ч байхгүй болж байна. Сэтгүүлчид нь ч дандаа буруу мэдээлэл өгдөг.
Бид чинь урагшаагаа биш хойшоо алхаад байна.
- Чанаргүй зээлийн хэмжээ ихэсч байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
- Эдийн засаг сайнгүй байна. Бизнес эрхлэгчдийн орлого сайн биш байгаа учраас зээлийн эргэн төлөлт муу байна. Яаралтай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
Манай эдийн засагч, улстөрчид гадаад худалдааны алдагдал багасч байна гээд байгаа. Үүнийг Н.Золжаргал Ерөнхийлөгч сайн талаас нь ярьж байна. Нөгөө талаас шинэ он гараад, цагаан сарын дараа үйлдвэрлэгчид түүхий эд, тоног төхөөрөмжөө татдаг. Тийм үйл ажиллагаа явагдахгүй байна.
Тэгэхээр энэ зун хийгддэг байсан хөрөнгө оруулалтууд байхгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй.
- Одоо хамгийн түрүүнд бид юу хийх хэрэгтэй вэ?
- Бид өөрөө өөрсдийгөө дэгээдчихсэн нэг зүйл байгаа. Тэр бол “Оюу Толгой”-н асуудал. ОТ бол бидэнд дэгээ болж байна. Хоосон яриа улстөр үүнд садаа болсон. Бид үүнийг түргэн шийдэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг дахин сэргээнэ гэсэн ойлголт байхгүй.
- ОТ-н Засгийн газрын эзэмших 34 хувиа зарах асуудал сөхөгдөж байна. Таны байр суурь?
- Зарж болно. Төр заавал хувьцаа эзэмших албагүй. ОТ-г хэтэрхий үлгэрийн байдлаар ч бодох хэрэггүй. Зүгээр л нэг компани. Би “Эрдэнэт”-ийн жишээг хэлэх дуртай. Төр оролцохоороо л болохоо болиод ирдэг дээ.
- Бас нөгөө талаар 34 хувиа нэмэх ч боломж байна.
- Тийм ээ. Хувьцаа зах зээл дээр чөлөөтэй эргэлдэж байгаа. Өнөөдөр $3.61 -тэй (2014.3.24) байна. Шинжээчид $8.61 –ээр үнэлээд гаргаад ирлээ. Хямдхан байгаа дээр нь авах хэрэгтэй. Иргэд ч гэсэн банкинд хадгаламж хийхийн оронд $1000 –той бол түүнийгээ брокерийн пүүс дээр очоод Монголтой холбоотой хувьцаануудын эзэмшигч болж болно.
- Баялгийн сан байгуулаад бид Рио Тинтогийн Туркуис Хиллийн үлдэх 49 хувиас худалдаж авч шууд бус утгаар эзэмшигч болох боломжтой.
- Тийм. Бид бүр Рио Тинтогийн хувьцааг буюу Рио Тинтог эзэмшдэг банкуудын хувьцааг ч авч болно шүү дээ.
"Рио Тинтогийн хувьцааг буюу Рио Тинтог эзэмшдэг банкуудын хувьцааг ч авч болно шүү дээ" Ч.ГАНХУЯГ
- Тэгэхээр ийм боломж байхад бид гэрээг өөрчилж 50 хувьд хүргэх ёстой гэсэн асуудлыг ярих хэрэг байна уу?
- Манай нийгэмд буруу мэдээлэл их давамгайлж байна. Монголд “Чалько” гэдэг компани орж ирэх гээд байна аа гээд л хөрөнгө оруулалтын хуулиндаа гүйж очоод л өөрчлөлт оруулаад хөрөнгө оруулагчдыг алдсан жишээтэй.
- Энэ хуулийг хүчингүй болгоод Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт хүссэн хэмжээнд өсч чадахгүй байна.
- ОТ-г шийдэхгүй бол ямар ч хууль гаргаад нэмэр байхгүй. Наад хууль чинь чухал асуудал биш байсан.
- Бид өөрсдөө ОТ-г хэтэрхий хөөрөгдөөд байгаа нь манай эдийн засагт их хор уршигтай санагдаад байх юм.
- ОТ-н хувьцаа дээшээ явахгүйгээр бид нарын асуудал шийдэгдэхгүй. Рио Тинто гэдэг компани, ОТ-г хөрөнгө оруулалтын сангууд, банкууд эзэмшиж байгаа. Бид өөрсдийгөө дэгээдсэн гэдэг чинь энэ. Энд асуудлыг гацаангуут тэнд хувьцаа эзэмшиж байсан Монголыг ажиглаж буй хүмүүс бусад салбаруудад хийсэн хөрөнгө оруулалтаа бүгдийг нь зогсоож байна.
- ОТ-н хувьцааг унагах сонирхол байхыг үгүйсгэхгүй юм биш үү?
- Тийм зүйл байхгүй. Тэгсэн бол бид шүүхэд дуудагдана.
- Хямдхан байхад нь авах сонирхол байсан байж магадгүй.
- Тэгсэн ч бид нарт мөнгө байхгүй шүү дээ.