С.Дэмбэрэл: Төгрөгийн хадгаламж хүмүүст ашигтай байх нөхцлийг бодлогоор бий болгох ёстой
Монголын Эдийн засгийн форум Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр ам.долларын ханш, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сэтгүүлчдэд товч тодруулга өглөө.
- Зарим компанийн зүгээс татварын өршөөлийн тухай хуулийг батлах хэрэгтэй байна гэж байгаа. Ингэснээр төсвийн орлого муудах сөрөг нөлөөтэй гэж хүмүүс үзэж байна.
- Энэ их зөв хандлага бөгөөд аргагүйдсэн л алхам. Чамайг зодоод, цохиод л байвал энэ намайг нэг өршөөчихгүй юм байх даа л гэж боддогтой адилхан. Монголын эдийн засгийг харахаар албан болон албан бус, сүүдрийн болон сүүдрийн бус эдийн засаг гээд хуваагдчихсан. Албан эдийн засаг руугаа улам дайраад, албан буст нь эрх чөлөө ноёлоод байхаар ямар байх вэ.
Төр нь зөвхөн орлогыг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн шахалт, дарамт учруулдаг ийм гажиг тогтолцоотой бид удаан явахгүй. Тийм учраас энэ өршөөлийн хууль чухал. Гэхдээ үүнээс өмнө татварын иж бүрэн шинэчлэл хийхгүй бол өршөөлийн тухай яриад хэрэггүй. Татварын реформийн гол үзэл санаа нь юу вэ гэхээр бүгдээрээ төлцгөөе, гэхдээ бага хэмжээтэйгээр. Жишээ нь НӨАТ-ыг 10 байсныг таван хувь болгох зэрэг. Үүнд харин босго зэргийг болих хэрэгтэй. Ингэснээрээ төлдөггүй байсан хүмүүс төлж эхэлж татварын суурь орчин тэлснээр төсвийн орлого одоогийнхоос дутахгүй.
- Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаатай холбоотойгоор томоохон аж ахуйн нэгжүүдэд цомхотгол явагдсаар байна.
- Тийм ээ. Томоохон компаниуд одоо бол жинхэнэ нөөцөөрөө л явж байна. Би олон компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэд найдлагаараа л явж байна. Компани гэдэг чинь амьд организм шүү дээ.
- Ам.долларын өнөөдрийн байгаа ханш хамгийн бодит үзүүлэлт гэж байгаа. Цаашдаа яах бол?
- Экспорт буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт багассан энэ үед Монголбанк ганцаараа интервенц хийгээд нэмэр болохгүй. Юу нэмэр болох вэ гэхээр түр хугацааны арга хэмжээ хэрэгтэй. Тэр нь ам.долларын ханшийг захиргааны журмаар валютын хадгаламж, зээл хоёрын дээд хэмжээг тогтоох хэрэгтэй.
Дээрээс нь төгрөгийн хадгаламж хүмүүст ашигтай байх нөхцлийг бодлогоор бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл валютын байг тогтоож өгөх хэрэгтэй байна. Манай хөрш гэхэд коридор гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл ханш тэд хүртэл өснө гэж хязгаар тавих хэрэгтэй. Иймэрхүү эрс шийдэмгий байдлаар асуудалд хандахгүй бол цаашаа хэд болохыг мэдэхгүй.
Ханшинд хүмүүсийн сэтгэл зүй буюу хүлээлтээс гадна дамын хүчин зүйл нөлөөлж байна.
Ханшин дээр арилжааны банкууд хүртэл тоглож байна. Энийг хянах ажлыг ганцхан Монголбанк биш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гээд хуульд байдаг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк энэ асуудлыг шийдэх ёстой. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам ч орох ёстой.
- Дээр дурдсан газрууд хуралдаж нэг уулзалт хийж байсан.
- Оны өмнө нэг уулзсан. УИХ-аас нэг тогтоол гаргахаар болсон. Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр 23 заалттай УИХ-ын тогтоол гаргах ёстой. Тогтоол гаргах гэж ингэж удаж байна шүү дээ.