Монголын эдийн засгийг хөжүүлэхэд уул уурхай хэрэгтэй юу?
Монголын Эдийн засгийн чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү хурал Монгол Улсын эдийн засаг ирэх нэг жилийн турш хаашаа чиглэх, тулгамдаж буй асуудал, цаашид хийх зүйлсийнхээ талаар хэлэлцдэг билээ.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор хурлын арга хэмжээ эхэлсэн юм. Энэ удаагийн чуулган нийт 34 сэдвийн хүрээнд салбар хуралдаануудыг хийж байгаа бөгөөд “Монголдоо бүтээцгээе” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөл хүрэлцэн ирж “Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн хувилбарууд”-ыг гаргасан талаар танилцуулсан. Уг хувилбарт ногоон эдийн засаг, ногоон технологи, ногоон уул уурхай гэдгийг оруулж өгч байгаа бөгөөд урд хөрш цаашид ногоон гэх тодотголтойгоор хөгжлийн ирээдүйгээ харж буй талаар тусгасан байна. Энэхүү хувилбарыг нь улс орон бүрт гаргаж өгөөд байдаггүй бөгөөд манай улсын өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлттэй байх үед дэлхийн нийтийн анхаарлын төвд орж чадсан нь энэхүү хувилбарыг гаргахад чухал нөлөө үзүүлж чаджээ. Иймээс ч манай улс цаашид улсынхаа эдийн засгийг хөгжүүлж төрөлжүүлэхийн тулд яах ёстой вэ талаар хэлэлцсэн. Үүнд мэдээжийн хэрэг уул уурхайг түшиглэн орлогыг бий болгож бусад салбаруудад хувиарлан эдийн засгийг хөгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй оролцогчид онцлон үзэж байсан. Тухайлбал панелистаар оролцсон БОНХЯ-ны сайд С.Оюун хэлэхдээ “Бид хүссэн ч хүсээгүй уул уурхайн салбараа хөгжүүлэхээс өөр аргагүй боллоо. Цаг алдалгүй хэрэгжих томоохон уул уурхайн төслүүдийг яаралтай хэрэгжүүлж урагшлуулахгүй бол улсад орох орлогын хэмжээ буурч хуримтлал үүсэхгүй байна. Гэхдээ уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй ногоон техник технологийг одооноос эхлэн суулгаж хэрэгжүүлэх нь чухал. Мөн эдийн засгаа хөгжлүүлэхийн тулд эхлээд уул уурхайгаа зөв хөгжүүлж байж эдийн засгийг солонгоруулна гэх зүйтэй болов уу. Гол нь одооноос анхнаас нь ногоон гэх зүйлээ хийж шигтгэж суулгаж өгөх нь зүйтэй” хэмээн онцолсон.
Харин дараагийн нэг онцлох панелистаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг оролцсон бөгөөд тэрбээр “Ногоон эдийн засагт хүрэхийн тулд бид эхлээд бор, хүрэн эдийн засагтаа хүрэх хэрэгтэй. Үүний дараа ногоон гэж ярих хэрэгтэй. Өнөөдөр бид уул уурхайн салбартай орон гэдгээ нээлттэй зарлах хэрэгтэй. Ингэж байж уул уурхайн салбараас орж ирэх орлогыг бусад салбартаа жигд тарааж байж бүтээн байгуулалтыг хийнэ. Үүнийг шийдвэр гаргагчид гүйцэтгэх хийх нь чухал. Дараагийн нэг зүйл тогтвортой байгаа ч ээ. Мөн баялгийн санг бий болгох нь зүйтэй юм. Гол нь бид чаддаг зүйлээ үйлдвэрлэж Монгол нүүрсийг брэнд болгоё. Энэ монгол нүүрсээ бид илүү үнэтэй зарж борлуулж хуримтлалаа бий болгох хэрэгтэй” хэмээн уул уурхайн салбар бидэнд нэн чухал гэдэг үндсэн санааг тусган хэлэлцсэн юм.
Тэгвэл бид өнөөдөр эдийн засгийг хөгжүүлэхийн тулд нэн шаардлагатай зүйл юу гэдгийг оролцогчид онцлохдоо дэд бүтэц гэсэн юм. Яах аргагүй дахин дахин дэд бүтэц бидэнд дэндүү их өгүүлэгдэж байгааг улс төрийнхөн ч хувийн хэвшлийнхэн ч дэлхийн эдийн засагчид бүгд дуу нэгтэй хэлж байна. Бид өнөөдөр аливааг бүтээхийн тулд дэд бүтэц, үйлдвэрлэлгүйгээр эдийн засгийг хөгжүүлж, улсад орох орлогыг нэмэгдүүлэх боломж хомс байгаа юм. Тиймээс ч дэд бүтэц, уул уурхайн салбарыг зөв хөгжүүлж улсад орох орлогын хэмжээг зөв хувиарлах тал дээр талууд нэгдмэл нэгдсэн саналтай байлаа.
Дашрамд чуулганы хоёр дахь өдрийн салбар хуралдаанаар “Уул уурхайн эрхзүйн орчин ба баялаг бүтээгчид” сэдвийн хүрээнд хэлэлцэх болно.