Алтанхуяг: Бид олсон ашгаа үнэтэй машин, чамин утас, брэнд хувцсанд зарцуулсан
“Монголын Эдийн засгийн чуулган-2014” форум яг одоо Төрийн ордонд болж байгаа билээ. Энэхүү чуулганыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Энэ танхимд хуран цугласан эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд өдрийн мэнд хүргэе!
Бид улсынхаа эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар жил бүрийн 3-р сард зөвлөн ярилцдаг болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил та бидний ярилцах сэдэв “Монголдоо бүтээцгээе”.
Юуны өмнө өнгөрсөн жилийн Монгол Улсын эдийн засгийн тоо баримтын талаар цөөн үг хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
2013 онд дэлхийн эдийн засгийн байдал, гадаад зах зээл төдийлөн сайнгүй байсан. Ялангуяа, Монгол Улсын эдийн засагт, экспортод голлох байр суурь эзэлдэг түүхий эдийн үнэ бидний хүлээж байсан шиг тааламжтай байж өсөлт ажиглагдсангүй. Эдийн засгийн бөгөөд хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин тийм ч тааламжтай биш байсан ч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3 хувь байж, сүүлийн 3 жил дараалан хоёр оронтой тоогоор өслөө. Экспортын түүхий эдийн үнийн бууралт, гадаад шууд хөрөнгө оруулалтын түр зуурын зогсонги байдлаас шалтгаалж төгрөгийн ханш 20 орчим хувиар уналаа.
Өнгөрсөн жилүүдийн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн таатай нөхцөл биднийг “муу занд” сургажээ. Бид газраасаа алт, зэс, нүүрсээ ухаад зөөчихдөг, аль эсвэл малаасаа ноолуур, ноос, арьсыг нь аваад гадагш тушаачихдаг экспортын бүтэцтэй, харин гаднаас ихэвчлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн импортлоод шууд хэрэглэдэг “муу зан”-тай болсон байна. Угтаа өөрсдөө гардаад хийдэг, бүтээгээд босгодог тийм зүйлс ховор байна. Гол хэрэглээнийхээ 88 хувийг импортолдог, тэр байтугай гурил, гурилан бүтээгдэхүүний бараг 2/3-ыг, сүүний ихэнх хувийг гаднаас оруулдаг боллоо. Гэтэл экспортын 90 гаруй хувь нь ердөө түүхий эд байна.
Энэ ужгирсан гажигтай тогтолцоог даруй засахгүй бол улсын маань эдийн засаг мухардалд орж аюул нүүрлэх нь амархан байх болно. Тэр аюулын дохио, ойрын жишээ нь төгрөгийн ханшийн сулрал. Төгрөгийн ханшийн сулралыг нүүрсний үнийн уналт, дэлхийн эдийн засгийн бууралт, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт зэрэгтэй холбож, янз бүрээр дүгнэж байна. Гэвч угийн эх, шалтгааны гол нь бидний бүтээх чадамж муутай холбоотой гэж бодож байна. Бид зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний ихэнхийг өөрсдөө хангадаг байсан бол ийм явдал болохгүй байлаа.
Өмнөх жилүүдэд эдийн засгийн таатай байдлыг дагалдсан гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ханш өсдөггүй байсан учир тэр гажуудал далд байж, олны анхааралд өртдөггүй байжээ. Эргээд харахад, 2010 онд Австралид болсон үерээр тэндэхийн нүүрсний уурхайнууд ажиллаж чадахгүй болох тэр үед Монголын нүүрс өндөрт борлогдсон байдаг. Энэ нь өнгөрсөн үед Монголын эдийн засаг сүрхийдээ биш, харин бидний өрсөлдөгчид үүссэн бэрхшээл дээр бид хэдэн оноо илүү авсан гэсэн үг. Харин өнөөдөр Монгол яг бодит байдалтайгаа тулгараад байна. Тэр дундаа өнгөрсөн хугацаан дахь Монголын төр засаг, нийгэм бэлэнчлэх, үрэлгэн байдалд дасчээ. Бид олсон ашгаа үйлдвэрлэхэд бүтээхэд биш үнэтэй машин, чамин утас, брэнд хувцсанд зарцуулсан байна. Яг л арчаа муутай айл олсон хэдэн төгрөгөө ахуй амьжиргаандаа нөөцөлж, зарцуулах биш идэж уугаад үрдэг шиг юм болж. Гэтэл "залхуу хүний өвөл маргааш" гэдэг шиг өвөл дөхөөд дэлхийн эдийн засаг хямраад, Австралийн эдийн засаг түр сэргээд ирэхэд бид яаж байна даа. Өнөөдөр Улаанбаатарт 6.5 тэрбум ам.долларын үнэтэй машин явж байна. Гэтэл хөгжингүй олон орны засгийн газар, компаниуд, иргэд эдийн засаг хэчнээн сайн байсан ч хуримтлал, хуримтлал, бас дахин хуримтлал гэж амьдарч байна. Хөгжил гэдэг угтаа хувь хүмүүсийн хэрэглээ биш харин улс орны дэд бүтэц, дэд бүтэц, бас дахин дэд бүтэц юм аа.
Өнгөрсөн цагийн бидний алдаа юу байв гэдгийг олж харвал оноо, гарц шийдэл гаргахад дөхөмтэй болох биз ээ. Бидний хамгийн том алдаа бол согогтой эдийн засгийнхаа оношийг зөв тавьж чадалгүй иржээ. Бид зөвхөн өнөө маргаашийг аргацааж, өвчнийг түр намжаасан эмийн эмчилгээ хийж байснаас биш уг үндсийг нь таслах цогц эмчилгээ хийсэнгүй. Тиймээс хөрөнгө оруулалт буурмагц ханшийн “хууч өвчин” сэдэрч эхэллээ. Энэ ужиг өвчнийг анагаахын тулд шалтаг ярих бус шалтгааныг нь зөв тогтоохоос эхлэх хэрэгтэй.
Юуны өмнө төр засгийн оновчтой бодлого, бодитой дэмжлэг чухал гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Тийм учраас Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээдэг улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг "Монголдоо бүтээх жил" болгож байна. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлого тууштай барина. Тэр бүхний үр дүн бодитой хэрэгжиж байж бид хэрэглэгч улсаас бүтээгч улс болж чадна. Эдийн засаг таагүй байгаа энэ л үед бид асуудал асуудлынхаа угийг олж харж, учгийг тайлж хэлэлцэх хэрэгтэй байна. Хэрэв бид жинхнээсээ өнөөдөр л бүтээж сурахгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэх болно. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх юм.
Үйлдвэрлэгч, бүтээгч улс болохын тулд Шинэчлэлийн Засгийн газраас олон ажил төлөвлөөд байгаа бөгөөд эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ онд үйлдвэржилтэд 1 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж экспорт дэмжих, импорт орлох чиглэлээрх төслийг санхүүжүүлэх боллоо. Ирсэн төслийг нэг бүрчлэн нягталж, үйлдвэрлэлийн төсөл мөн эсэх, уг төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн тэнцэл болон ард иргэдийн амьжиргаанд ямар дэмжлэг болох гэх мэт олон талаас нь судлан дүгнэж байна. Өнөөдрийн байдлаар 888 төсөл эхний шаардлага хангасан байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын материал, арьс, ширэн эдлэл, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн олон үйлдвэр байгуулагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.
Нийслэл хот, аймгийн төвүүдийг орон сууцжуулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Зөвхөн 2013 онд 20,000 өрх орон сууцтай болсон бол энэ онд 30,000 айл өрхийг орон сууцанд оруулахаар ажиллаж байна. Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүллээ.
Бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж буй нэг том чиглэл бол дэд бүтцийн салбар юм. Энэ онд бид 6 аймгийн төвийг нийслэл хоттой холбож дуусах бөгөөд Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн онд эхэлсэн “Гудамж” төсөл үргэлжилнэ, аймгийг засна. Шинэ төмөр зам, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтууд ч үргэлжилнэ. Амгалан дулааны цахилгаан станц, 3, 4-р цахилгаан станцын өргөтгөлүүдийг хүлээн авна. Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцын ажил эхэлнэ. Аймгийн төвүүдэд дулааны станц, оношилгооны төв, жишиг сум зэрэг дэс дараалсан олон бүтээлч ажил төлөвлөсний дагуу үргэлжилнэ.
Гэхдээ хэдий бүтээлч ажил хийгдэж байгаа хэдий ч бүтээн байгуулах, үйлдвэрлэх чиглэлээр олон шинэ санаачилга, үр дүнтэй санал тус форумаас гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм бодитой санал санаачилга гарч, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөдөг учраас энэ арга хэмжээнд би үргэлж баяртай оролцдог.
Монголын эдийн засгийн форумыг би Шинэчлэлийн Засгийн газрын бизнесийн салбарынхантай уулздаг нэг удаагийн арга хэмжээ биш бүтэн жилд ярьж төлөвлөсөн, хийж бүтээснээ дүгнэдэг, ирэх жилд ямар зүйл хийхээ хэлэлцдэг ач холбогдолтой, өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм. Ерөөсөө бизнес эрхлэгч, бүтээгчидтэйгээ уулзаж, санал бодлыг сонсох нь Шинэчлэлийн Засгийн газрын гэнэт сэрж санаад хийдэг ажил биш ээ. Манай Засгийн газар байгуулагдсанаас хойш “Шинэчилж шийдье-222” уулзалтыг сар бүр тогтсон хугацаанд хийхийн зэрэгцээ бизнесийнхнийхээ санал хүсэлтийг сонсож, асуудал бэрхшээлийг нь шийдсээр ирснийг та бүхэн мэднэ.
Эдгээр цуврал уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд бизнесийн салбарынхны гомдол, үл итгэх байдал багасч байгаа нь ажиглагдаж байна. Эхний уулзалтад ихэвчлэн гомдол бухимдал, бэрхшээл хүндрэл ярьдаг байсан бол сүүлийн үед бүтээлч санаачилга, хүсэл тэмүүлэл давамгайлах боллоо. Үнэхээр бизнесийн салбарынхан маань “Монголдоо бүтээцгээе” гэсэн бодитой өрнүүн тэмүүлэл тээх болсон нь мэдрэгдэж байна.
Бид өнгөрсөн жилийн форумаар “Монгол брэнд” сэдвийн хүрээнд ярилцсан билээ. Тэр үед монгол брэнд чухам юу байж болох талаар голчлон ярьж байсан бол өнөөдөр яг юуг бүтээх вэ гэдэгт илүү төвлөрч хэлэлцэнэ.
Хүн амын тоогоор дэлхийд 100-д ордог Израиль улс эдийн засгийн багтаамж, ДНБ-ээрээ 50-д, 1 хүнд ногдох ДНБ-ээрээ 25-д ордог боллоо. Энэ улсын хувьд бүтээх гэдэг бол ерөөсөө шинэ санаачилга, тархины үйлдвэрлэл, think tank юм. Израиль шиг хүн амтай мөртөө ДНБ-ээрээ 35-д, 1 хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд эхний 5-д орох Швейцарь улс дэлхийд тэргүүлэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон юм.
Эндээс дүгнэн хэлэхэд бүтээх, үйлдвэрлэх чиглэлд хоёр гол хандлага байна. Нэг нь Израиль маягийн буюу think tank хандлага, нөгөө нь масс үйлдвэрлэл буюу барих, босгох хандлага. Тэгвэл задгай сэтгэлгээтэй, дэврүүн мөрөөдөлтэй, чөлөөт мэдрэмжтэй Монгол хүнд; өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй Монгол Улсад шинэлэг санаачилгатай монгол генийг хэрхэн ашиглах вэ, яаж Израиль шиг өрсөлдөх чадвартай улс болох вэ гэдгийг тал талаас нухацтай ярилцах хэрэгтэй байна. Бүтээхийн тулд бидэнд юун түрүүнд шинэ санаачилга, шилдэг инноваци хэрэгтэй. Үүнд бүтээмжийг дээшлүүлэх энгийн санаачилгаас эхлээд өндөр технологи бүтээх дэвшилтэт санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний программчлал хамаарна гэж төсөөлж байна. Улмаар тэдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход хамтарч, хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгч улс болно гэдэгт би итгэлтэй байна.