Монголын эдийн засгийн чуулган эхэллээ
Монголын эдийн засгийн чуулган-2014” өнөөдөр эхэллээ. 2014 оны 3 сарын 24-25-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдахаар болсон билээ.Тэгвэл тус чуулган өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 2 өдрийн турш Монгол улсын ирээдүй, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх юм. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын төслийн баг Монгол улсын хөгжлийн зураглалын хувилбаруудыг танилцуулах болно.
Монголчууд жилдээ нэг удаа маш өргөн хүрээнд эдийн засгийн асуудлуудаа хэлэлцдэг болоод тав дахь жилтэйгээ золгож байна. Төрийн ордны Их танхимд нийтдээ 800 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид, эдийн засагчид Монголын эдийн засгийн асуудлаар хоёр өдрийн турш хэлэлцэнэ. Улмаар энэхүү чуулганаас тодорхой сэдвээр зөвлөмж гаргаж, зөвлөмжийн дагуу төр засгийнхан ажиллахыг хичээдэг уламжлалтай. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын эдийн засгийн чуулган нь Монголын хамгийн том, нэр хүндтэй, ач холбогдол, цар хүрээ, далайцаараа ч тэр дэлхийн анхаарлын төвд орохуйц томоохон чуулган болж, өргөжин тэлж, хүлээн зөвшөөрөгджээ.
Энэ жилийн эдийн засгийн чуулганыг “Монголдоо бүтээцгээе” уриан дор зохион байгуулж буй. Яг нэг жилийн өмнө зохион байгуулсан чуулганаар “Монгол брэнд”-ийг буй болгох талаар төлөөлөгчид хэлэлцэж байсан. Харин энэхүү “Монгол брэнд”-ийн санаачилгыг ажил хэрэг болгож, цаашид илүү өргөн хүрээнд брэнд бий болгохын тулд Монголдоо бүтээх зайлшгүй шаардлага байгаа юм. Тийм ч учраас энэ удаагийн сэдэв “Монголдоо бүтээцгээе” болж байгаа аж. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны, тогтвортой өсөлтийг хангахад Монголдоо бүтээж, үйлдврлэдэг байх нь хамгийн чухал. Үйлдвэрлэж байж, гадаад зах зээлийн савлагаан, нүүрс, зэсийн үнэ өөрчлөгдөхөд хямардаггүй эдийн засагтай болох учиртай. Энэ утгаараа тав дахь жилийн эдийн засгийн чуулганы сэдэв тун чухал ач холбогдолтой болж байгаа юм.