Х.Золжаргал: Малчдын малаа зах зээлд нийлүүлэхгүй “байж л байг, өсч л байг” гэсэн сэтгэлгээг өөрчилмөөр байна

2014 оны 9 сарын 11

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай В.Путины айлчлалтай холбоотойгоор зарим тодруулгыг авлаа.
-Саяхан ОХУ-ын төлөөлөгчидтэй танай яаман дээр уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалт ямар учиртай байсан юм бол?

-2011 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам, манай яам хоёр хамтарч ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн хуралдаан гурван жил хийгдээгүй байгаад сая буюу наймдугаар сарын 28-нд ажлын хэсгийн хуралдаанаа хийлээ. Ингээд ажлын хэсгийнхээ хурлыг жил бүр тогтмол хийж байя, хамтын ажиллагаагаа дүгнэж байя гэж тохирсон нь нэг том үр дүн байлаа.
Мөн мал эмнэлэгийн салбарт тодорхой зүйлүүдийг тохирч чадлаа. Монголын малыг эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ шатанд ОХУ 375 сая рублийн буцалтгүй тусламжийг манай талд үзүүлж, энэ тусламжаар бид 37 сая тун шүлхийний вакцин, 22 ширхэг ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн машин худалдан авч 21 аймаг, Улаанбаатар хотод нэг нэгийг өглөө. 37 сая тун вакцинаар нь 2011-2014 оны турш шүлхийний эсрэг энэ вакцинаар устгаж, тэмцлээ. Ийм амжилттай болсон тул хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр болсон.
Сүүлийн 20 жил манай улс улаан буудайн үрийн шинэчлэл дээр дорвитой ажиллаж чадаагүй. Тиймээс дараагийн тохироо нь газар тариалангийн чиглэлд улаан буудайны үрийг шинэчлэх тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
-Манайд бэлчээрийн талхлалт их байна гээд яриад байдаг мөртлөө жил бүр л малын тоо өслөө гээд байдаг. Малчдад малаа өсгөхийн зэрэгцээ бизнес сэтгэлгээ суулгах ёстой юм шиг санагдаад байдаг юм. Энийг бодлогоор зохицуулах арга тал бий болов уу?
-Бодлогоор зохицуулах шаардлагатай зүйл бий. Өнөөдөр гэхэд монголын газар нутагт 60 сая мал байна. Үүнээс 10 саяыгаа намар идшэнд хэрэглэх байх, тэгээд 50 сая мал өвөлжих шинжтэй. Гэхдээ л энэ хэтэрхий их тоо. Их байхаараа зуданд үрэгддэг, бэлчээрээ талхлах гэх мэт сөрөг нөлөөтэй. Бодлогын хувьд манайхан өвөлдөө үржлийн малаа авч үлдэх, үржлийн бус малаа ерөнхийдөө бэлтгэлд нийлүүлчихээд байвал зүгээр. Уг нь бол 40 сая толгой мал өвөлжүүлээд, хавар нь 15-16 сая төл аваад, намар нь буцаагаад бэлтгэлд нийлүүлээд дахиад 40 саядаа барьчихдаг, малчид маань малаа зарсан мөнгөөрөө өөр хөрөнгө бий болгох, хуримтлал үүсгэх гэсэн ийм чиглэлийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Малчдаа зах зээлд малаа нийлүүлдэг механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй.
-Ченжүүд л энэ ажлыг чинь хийгээд байх шиг. Тэгсэн атлаа тэднийг байнга муулаад байдаг?
-Ченжүүд яах вэ, бөөний болон жижиглэнгийн худалдаа гээд ажлаа л хийж байгаа хүмүүс. Монгол Улсад агуулахын болон тээврийн аж ахуй буюу логистик хөгжөөгүй. Энэ орон зайг л ченжүүд гэх хүмүүс эзлээд үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Харин миний механиз гэж хэлж байгаа нь арай өөр. Малчид зах зээлд малаа тэр бүр нийлүүлэхгүй, худалдахгүй “байж л байг, өсч л байг” гэсэн сэтгэлгээтэй байна. Бид юу хийх гээд байна вэ гэхээр, малчид малаа өсгөж үржүүлэхийн зэрэгцээ төллөх малаа авч үлдээд, таваарын малаа аль болох их худалдаач ээ гэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй байна.

-Малын хөлийн татварыг нэмэгдүүлмээр юм уу?
-Татвар болон бизнесийн урамшуулал олгох гээд шаардлагатай бүхий л ажлыг хийх хэрэгтэй байна. Одоо илүү гараад байгаа 5 сая малыг мах болгоод нийлүүлэх юм бол жишээ нь, ОХУ-д 100-аас илүү мянган тонн мах нийлүүлж болно гэдэг онолын тооцоо гардаг. Онол амьдрал хоёр зөрдөг учраас би зориуд онолын тооцоо гэж хэлж байгаа юм. Амьдрал дээр тэр 5 сая малыг бэлтгэж чадахгүй, яагаад гэвэл малчид зүгээр л “зарахгүй” гэнэ. Тэгэхээр зардаг болгомоор байна, зараад мөнгөө аваад тэрийгээ илүү бүтээлч зүйлд зарцуулдаг, банкинд мөнгөө хадгалуулдаг, Улаанбаатарт үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг тийм малчдыг бий болгомоор байгаа юм. Тэгж байж бид ОХУ руу их хэмжээний хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8522
0 эможи
keyboard_arrow_up