Оросын нефтийн магнат юуны учир манай улсад гэнэт зочилов
Монгол Улсын шатахууны хэрэглээний дийлэнхийг ганцаараа нийлүүлдэг томоохон компани нь хойд хөршийн “Роснефть”. Даяаршсан хөгжил дэлхий дахиныг эрчим хүчний урт настай өлсгөлөнд нэрвүүлээд байгаа энэ цаг үед хар алтны ханш улам өсөх хандлагатай.
Улаан талбайн өнгийг тодорхойлогч гол тоглогчдын нэг энэ компанийн үнэлгээ ч цаашид олон зуун сая “ногоон”-оор тодорхойлогдсоор байх төлөвтэй. Ийм болохоор “Роснефть”-ийн ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлал хэн бүхний анхаарлын төвд байх нь аргагүй.
Түүхийн аль ч хэсэгт “Роснефть” компани Монголын гол хамтрагч байсаар ирсэн. Нэгэн цагт шатахуун түгээх 100 станц Монголд барьж, импортлогч хэдэн компанийн зах зээлийг дангаар ноёрхох гэж байна гэсэн хар мэдээг илгээж л байсан. Үүний дараа шатахууныхаа үнийг нэмлээ гэх сургаар нь Монголд мах, гурилын үнэ автоматаар өсчихдөг байсан нь байдаг түүх. Бүхэл бүтэн улсын эдийн засаг ганц компанийн атганд багтдаг гэсэн хатуу шүүмжлэл ч энэ хугацаанд тасраагүй. Гэлээ гээд тэднээс бид харилцаагаа бас таслаагүй. Энэ зуурт зарим сайд тэднээс хамааралгүй амьдарч болох талаар мэдэгдэл ч гаргаж байсныг уншигчид санаж л байгаа.
Тухайлбал, “Роснефть” манай улсад нийлүүлэх шатахууныхаа хэмжээг багасгана гэж онцолсны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бид ганц Оросоос шатахуунаа авдаг байсан үе өнгөрсөн. Гуравдагч орнуудтай ч нефть импортлох талаар олон хэлэлцээр явагдаж байна. Японы 700 сая ам.долларын санхүүжилтээр Дархан хотод жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн хэлэлцээр явагдаж байна. Мөн түүхий нефтиэ өгөөд оронд нь шатахуун авах гэрээ хэлэлцээ ч явж байна” хэмээн яг нэг жилийн өмнө мэдэгдэж байлаа. Гэвч өнөөдөр ч Монгол Улс хар алтны энэ “акул”-аас холдсон нь үгүй.
Энэ удаа “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин Монголд айлчиллаа. Ингэхдээ тэрээр Уул урхайн сайд Д.Ганхуягтай уулзсан. Өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд хэлэлцсэн ОХУ-аас Монголд нэг сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьжээ. Мөн ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргэнэ гэдэгт найдаж буйгаа дуулгажээ. Үүнээс гадна Монгол Улсад баригдах газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий газрын тосыг олон улсад байдаг гурван улс хоорондын солилцооны зарчмаар нийлүүлэх боломжийг судалж байгаа аж.
Энэ бүхнээс гадна чухал нэг сэдэв бол өмнө нь ч яригдаж байсан хийн хоолойн асуудал. Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломж байсаар буйг хөндөн ярьсан нь өмнө нь шийдэгдээгүй асуудлыг нэхэн сануулсных хэмээн зарим эх сурвалж дүгнэж байна. 1990-ээд оноос эхтэй энэ асуудал тэгсгээд л нам гүм болчихдог нь гэм биш зан гэлтэй. Хийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын бодлого Зүүн хойд Азийн улс оронд маш чухал. Тус улс ойрын жилүүдэд зүүн урд нутаг дахь, Байгаль нуурын орчмын Ковыктагийн хийн ордоо ашиглаж Зүүн хойд Азийн улс орнуудад хүргэх гэж төлөвлөж байгаа нь нууц биш.
Хамгийн сүүлд Ардчилсан Солонгос руу хийн хоолой тавьж, түүгээр дамжуулан БНСУ-ын хийн зах зээлд байгалийн хий нийлүүлэх хэлцэл хийсэн нь бусад орны сонирхолд төдийлөн нийцээгүй нь саяхан. Байгалийн хийн том зах зээл Хятадад бүтээгдэхүүнээ хүргэх нь ОХУ-ын гол бодлого гэдэг нь ч ойлгомжтой. Харин хаагуур вэ гэдэг асуултын хариулт нь Монгол байв. Манай улсад ч энэ нь ихээхэн ашигтайг ажиглагчид хэлж байна. Тэгэхээр цэг тавиагүй энэ мэт асуултад хариулт олоход И.И.Сечиний айлчлал чиглэсэн байхыг үгүйсгэхгүй гэдгийг зарим судлаач нуухгүй байна. Нөгөө талаар Монголд ихээхэн ашигтай энэхүү хийн хоолой тавих асуудал уул уурхайн салбартай ч холбогдож мэдэх талаар зарим хүн ярьж байна. Иймд айлчлалын үр дүн хэрхэн өрнөхийг харах үлдлээ.