Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 01

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.08.25- 2014.09.01 /

 

Сангийн сайд Ч.Улаан: Их өрийг төлөх эх үүсвэрийг босгох амаргүй байсан

Хүмүүс мэдээлэл сайтай байдаг ч өр яаж дарагдсан, ямар яриа хэлцэл болсон бэ гэх мэт хэлбэр талаас асуудлыг илүүтэй ойлгодог.  Гэтэл өр дарна гэдэг бол хоёр үндсэн том асуудлыг шийдсэн юм шүү дээ. Ер нь энэ зээлийг  аль болох эдийн засагт үр ашигтай, улсын санхүү, эдийн засагт дарамтгүй хэлбэрээр ашиглах ёстой гэж бид үзэж байгаа. / Зууны мэдээ 2014.08.27/

 

Монгол улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол улс бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, эдийн засгаа хөгжүүлэх таатай боломж нээгдэв

БНХАУ-ын тэргүүний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, хэлэлцээр хоёр орны хувьд түүхэн ач холбогдолтой боллоо. Энэ айлчлал хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд гаргаж, эдийн засгийн бусад салбарт ч өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэхээр болж байна.

/Өнөөдөр 2014.08.25/

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Өндөр ач холбогдол бүхий айлчлалуудын үеэр  дотоодын асуудлаа дэвэргээд огт хэрэггүй

Зөвхөн  эдийн засгийн хүндрэлээс гарахад хэрэгтэй юм боллоо гэвэл дэндүү хөнгөн хандсан дүгнэлт болно.  Эдийн засгийн  зарим  хүндрэл, энэ цаг үеийн л асуудлаараа дуусна.  Ер нь олон улсын харилцаанд хэт яарсан дүгнэлт, сэтгэл хөдлөл илүүц болов уу. Тиймээс буруутгаад хэрэггүй, сайшаал магтаал ч эртэдсэн зүйл. /Өглөөний сонин 2014.08.25/

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: 100 хоногт сайхан наадмууд л хийж чадлаа

Зүй нь бол Монгол банктай ярих ёстой юм. Мөнгөний бодлого, валют төгрөгийн харьцааны бүхий л асуудлыг УИХ-ын өмнө Монгол банк хариуцах ёстой. Гэхдээ энд Засгийн газартай хариуцлага ярих сэжим байгаа. Энэ 100 хоногийн хугацаанд маш сайхан наадмуудыг хийж чадлаа. Үүнийг үр дүнтэй ажил гэх үү, яах вэ.

/Улс төрийн тойм 2014.08.26/

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като: Нээлттэй ил тод байдал, сайн засаглал нь аль ч компанийн амжилтын үндэс

Би монгол орныг хөгжих их боломж нөөцтэй улс гэж хардаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар нөхцөл байдал амаргүй байна.  Үүнийг яг эдийн засгийн хямрал гэж хүндрүүлж нэрийдэх нь хэр юм бол доо.  Ажилгүйдлийг өсгөхгүй байх тал дээр арга хэмжээг эртнээс авах нь зүгээр болов уу гэж анзаарагдаж байна даа.

/ Өдрийн сонин 2014.08.26/

 

Улс төрийн менежментийн академийн захирал Д.Уламбаяр: Урд хөрштэйгөө 10 жил тогтвортой  харилцах баталгаа бий болсон

Гаднын хөрөнгө оруулагчид одоо хөдөлгөөнд орно. Учир нь ойрын 10 жилд Хятадын Монголд хандах хандлага, хэлэлцээр, дамжин өнгөрөх транзит тээврийн бодлого нь өөрчлөгдөхгүй, жил болгон хөнгөлөлттэй зээл тусламж нь өсөн нэмэгдэх нь ойлгомжтой болсон.  Тэгэхээр манай бизнесийнхэн илүү далайцтай бодож, илүү ажил хэрэгчээр л хандах хэрэгтэй.

/ Үндэсний шуудан 2014.08.27/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7960
0 эможи
keyboard_arrow_up