"Алтанбулаг" нээгдснээр 15.5 хувийн хөнгөлттэй үнээр бүтээгдэхүүн авдаг болжээ
Эдийн засгийн хөгжлийг дөтлөхөд томоохон байр суурь эзлэх Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс байгуулах ажил 12 жил цаасан дээр хэрэгжсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд нээлтээ хийсэн эл худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрэн худалдан авагчийн урсгал 100-д хүрсэн гэж холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.
Хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн “Алтанбулаг” боомт өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн 24 цагийн горимд шилжсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг ирэх 12 дугаар сарын 31 хүртэл сунгахаар болжээ. Түүнчлэн уг чөлөөт бүс нээгдснээр иргэд 15.5 хувийн хөнгөлттэй үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бүрдсэн байна.