“Ноён ногоон” чангарах уу, сулрах уу

2014 оны 3 сарын 14

Орос, Украины харилцаа, геополитикийн эрсдэлээс болж он гарсаар рублийн ханш огцом унаад байна. Энэ сарын З-ны байдлаар ам.доллар 36 рубль, евро 50 рублиэс давсан нь түүхэнд байгаагүй үзэгдэл юм. Харин Монголд өнгөрсөн сарын 28-нд ам.доллар 1800 төгрөгт хүрч, мөн л рекорд эвдлээ.

 

Гадаад валютын ханш галзууртлаа өсөх шалтгаан Оросод бол байж, харин манайд байв уу? “Ноён ногоон” удахгүй 2000 төгрөг болж чангарна хэмээн зарим хүн мэдэмхийрч байна. Иймэрхүү таамагт итгэхээсээ өмнө эрүүл ухаанаар нэг бодож үзэх хэрэгтэй болов уу. Үүний тулд бид гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн хоёрхон үзүүлэлтэд л анхаарлаа хандуулахад хангалттайг сүүлийн таван жилийн түүх харуулж байна. 2009 он. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ навс унаж, “Эрдэнэт” үйлдвэрийн орлого эрс буурсан. “Найман шарга” захад ам.доллар 1700 төгрөгт хүрч, Монголбанкны гадаад валютын нөөц дундарсан. Эдийн засаг мөнгөгүй болж, ДНБ 1.3 хувиар буурлаа. 2010 он. Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэв. Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ сэргэснээс “Эрдэнэт”-ийн орлого ихсэхийн зэрэгцээ нүүрсний экспорт ч өслөө. Ийнхүү гадаад валютын орлого нэмэгдсэнээр долларын ханш аажмаар сулрах болов. 2011 он. Ашигт малтмалын үнэ өндөр хэвээр. Дээрээс нь энэ жил Монгол Улс түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татлаа. Эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч дэлхийд толгой цохив. Гэвч уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын импорт үлэмж нэмэгдсэнээс гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2011 оны гуравдугаар сард 1200 төгрөгөөс доош орж байсан ам.долларын ханш аажмаар чангарах боллоо. 2012 он. Нүүрсний үнэ буурч эхлэв. Экспортын орлого хумигдаж байхад импорт их хэвээр үлдэж, гадаад худалдааны алдагдал 2.4 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоолоо. Оюутолгойн эхний шатны бүтээн байгуулалт шуударч эхэлсэнтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн өмнөхөөсөө 17 хувиар буурч, 3.8 тэрбум ам.доллар болов. Эдийн засгийн өсөлт 15.3 хувьтай гарлаа. 2013 он. Хятадад зарах нүүрсний хэмжээ болон үнэ буурснаас экспортын орлого 800 гаруй сая ам.доллараар хумигдсан. Дээрээс нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 55 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллараар татарлаа. Ам.долларын ханш 2013 оны наймдугаар сараас тогтмол чангарсаар 1700 төгрөгөөс давав. Монголбанкны зүгээс ханшийг барих зорилгоор валютын дуудлага худалдаанд элбэг оролцож, зах зээлд ам.доллар, юань нийлүүлсээр. Үр дүнд нь дөрвөн тэрбум ам.доллараас давж байсан гадаад валютын нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сард  2.3 тэрбум ам.доллараас доош орсон билээ. ДНБ-ий өсөлт 11.7 хувь болтлоо саарав. 2014 онд юу болох вэ? Сайн мэдээ гэвэл гадаад валютын ханш буурах нөхцөл одоо л бүрдэж эхэлж байна. Оны эхний сарын статистик мэдээллүүд үүнийг гэрчилнэ. Нэгдүгээрт, гадаад худалдааны алдагдал өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 93 хувиар буюу 200 гаруй сая ам.доллараар буурсан байна. Оюутолгойн ил уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдэж, экспортын орлого түүхэнд байгаагүйгээр өсөх нь гарцаагүй. Оны эхний сард л гэхэд экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 14 хувиар нэмэгджээ. Харин импорт эсрэгээрээ, 30 гаруй хувиар буурсан учраас гадаад худалдааны нийт эргэлт багассаныг график 1-ээс харна уу.  1.    Гадаад худалдааны нийт бараа эргэлт, жил бүрийн нэгдүгээр сард, сая ам.доллар   Хоёрдугаарт, оны эхний хоёр сард валютын орох урсгал 23 хувиар өсөж, гарах урсгал хоёр хувиар буурсан тухай Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болд мэдээлэв. Экспортын орлого сэргэсний зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт 31 хувиар өссөн нь үүнд нөлөөлжээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл хөрөнгө оруулалтын хэмжээ асар ихээр нэмэгдэхийг мөн бодолцох хэрэгтэй. Гуравдугаарт, Төвбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд тогтмол буурч ирсэн гадаад валютын нөөц энэ оны эхний сард 198 сая ам.доллараар буюу 8.8 хувиар өссөнийг график 2-оос харна уу. 2.    Гадаад валютын улсын нийт албан нөөц сүүлийн нэг жилд, сая ам.доллар   Эцэст нь Өнгөрсөн онд бол Монголд орж ирэх ам.долларын урсгал татарч, ханш нь өсөх нөхцөл бүрдсэн байв. Төвбанкны зүгээс ханшийг тогтвортой байлгахын тулд удаа дараа интервенц хийсэн ч гадаад валютын нөөцөө дундалснаас цаашгүйг бид харлаа. Харин өнөөдөр байдал сайжирч эхэлснийг статистикийн мэдээллүүд гэрчилж байна. Тиймээс өнгөрсөн сарын сүүлчээр ам.долларын ханш огцом өсөхөд худлаа үнэн мэдээлэл, спекуляц нөлөөлсөн байх талтай. Нөгөө талаас манай хоёрхон хөршийн нэг, импортын гол түнш болох Оросод үүссэн тогтворгүй байдал ч нөлөөлсөн байж мэднэ. Дотоод нөхцөл байдлыг авч үзвэл ам.долларын ханш чангарах биш сулрах тийшээ хандахаар байгааг бид харлаа. Энэ оны төсвийг боловсруулахдаа нэг доллар 1384 төгрөг байхаар тооцоолсон нь ч биеллээ олж мэдэхийг эдийн засагчид тайлбарлаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
733
0 эможи
keyboard_arrow_up