Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.08.12- 2014.08.16 /
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: 100 хоногт эдийн засаг бүү хэл байшингаа ч засч амжсангүй
Ханш өөрөө эдийн засгийг тодорхойлогч барометр. Манай эдийн засаг сульдаа байгааг харуулж байгаа гол үзүүлэлт. Гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр багаслаа.Бидний гол зорилго бол хөрөнгө оруулалт авах гэсэн хүсэл. Түүнээс биш япончуудтай худалдаа хийе гэсэн зорилго агуулаагүй.
/ Зууны мэдээ 2014.08.13/
Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх: Ам.доллар бол засгийн газрын хариуцдаг зүйл биш
Эдийн засгийн хүндрэл зөвхөн манай улсад тохиож байгаа юм биш. Бусад оронд нүүрлэж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд засгийн газар, УИХ шуурхай ажиллаж байгаа. Зөвлөлөөс 19 хууль өргөн барьсны 10-ыг нь баталсан. Мөн одоо ээлжит бус чуулган хуралдвал Эдийн засгийн өршөөлийн хуулиас эхлээд олон чухал хуулийг хэлэлцээч гэсэн хүсэлт тавиад явж байна. Өнөөдрийн байдлаар алдагдал гайгүй байгаа. Өнгөрсөн жил хасах тэрбум байсан бол одоо хасах 250 байгаа. Харин урсгал тэнцэл буюу мөнгөний урсгалаараа бол алдагдалтай байгаа. Тэгэхээр 1-1.5 тэрбум ам.доллар шаардлагатай.Ам.доллараар орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнийг битгий худалдаж аваач гэж хэлмээр байна. /Улс төрийн тойм 2014.08.15/
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Ам.доллар 2000 хүрвэл ерөнхий сайдтай хариуцлага ярина
Та чуулганы танхимаас валют 2000-д хүрвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Тэгж хэлсэн нь үнэн. Одоо ч санал нэг байна. Хэрэв засгийн газар валютын ханшийг 2000 хүргэвэл хариуцлагын асуудал өргөн барина гэж бодож байгаа.
/ Зууны мэдээ 2014.08.12 /
МАН-ын НБДарга Х.Булгантуяа: Хэн буруутай вэ гээд нэгнээ чичлээд суух цаг яг үнэнийг хэлэхэд байхгүй
Ер нь эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай боллоо гэж бид 2014 оны эхэнд хэлж байсан.
Мэдээж дэлхийн эдийн засаг энэ цаг үед тийм ч таатай биш байгаа. Гэхдээ бидний эргэн тойрон дахь улс орнууд тогтвортой хөгжлөө хадгалаад нийгмийн, эдийн засгийн төслүүд рүү хөрөнгө оруулалт хийж байна. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар бид нар хэдэн хууль баталсан гэдгээс өөр дорвитой ярих юмгүй.
/ Улс төрийн тойм 2014.08.12 /
Тавантолгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайхан: Хөрөнгө босгох ажил амаргүй байна
Ер нь том төслүүдийг шилтэй зүйрлэдэг. Маш амархан хагарах аюултай. Тэгэхээр том жижиг асуудал гэж ялгахгүй ажиллах ёстой. Жижиг гэж бодсон зүйл ч шилийг хагалж мэднэ шүү дээ. Тэгэхээр бүх зүйлд тулж ажиллах шаардлага гарч байгаа юм. Ер нь ингэж ажиллах ёстой. УИХ-аас баталсан хууль эрх зүйн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэх боломж бидэнд бий. Гэхдээ төрийн байгууллагуудад ажлаа хурдан хийх хэрэгтэйг хэлмээр байна. Тэдний ажлын хурд биднийхээс хоцроод байгаа. Гэхдээ би гомдоллохыг хүсэхгүй байна. /Монголын үнэн 2014.08.15/
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Концессын төслүүд ойрын нэг жилдээ эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй
Манай эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Дээр нь үйлдвэрлэгч улс биш. Манайх шиг импортын хэрэглээтэй улсын хувьд эдийн засгаа богино хугацаанд ямар нэг арга хэмжээ авч сэргээх боломжгүй. Зээлээр л түр зуур аргацааж үндэсний үйлдвэрлэлүүдээ хөгжүүлэхэд анхаарч болох юм. Үйлдвэрлэл байхгүй болохоор эдийн засгийн одоогийн хүндрэлээс богино хугацаанд гарна гэх арга байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр концессын гэрээгээр томоохон төслүүд хэрэгжүүлэхээр үзэглэсэн ч энэ санхүүжилт өөрөө нарийн процесстой болохоор ойрын нэг жилдээ лав эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй.
/Үндэсний шуудан 2014.08.15/