С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын орчинд ахиц гарлаа гэж хэлэхэд эрт байна

2014 оны 3 сарын 13

 Өнгөрсөн онд Монгол Улс Хөрөнгө оруулалтын хуулиа баталж, тус хуулиараа “Invest Mongolia Agency” буюу Хөрөнгө оруулалтын газрыг байгуулсан. Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай дараах асуудлаар ярилцлаа.

 

-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хүнд сурталгүй, чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдэж байгааг албаныхан онцолж байсан. Ингэхэд Хөрөнгө оруулалтын газар ямар бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

 -Хөрөнгө оруулалтын газар нь үндсэн 3 хэлтэстэй бөгөөд нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулинд Хөрөнгө оруулалтын газар нь хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах тухай заасан байдаг. Тэр утгаараа манай байгууллага хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, зөвлөх, судалгаа, сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх үндсэн гурван багц үйлчилгээг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч, төрийн байгууллагууд хооронд нэгдсэн, цогц харилцааны орон зайг манай Хөрөнгө оруулалтын газар бүрдүүлж байна гэсэн үг. Үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх нэгдсэн мэдээллийг мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулагч­дад хүргэх, аливаа хүсэлт, хандалтад шуурхай, үнэн зөв хариу өгөх, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Дээрх үйлчилгээг үзүүлэхдээ гол нь хөрөнгө оруулалтын бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах юм.

-Өмнө нь хөрөнгө оруулалтын орчин тодорхойгүй, ойр ойрхон шинэчлэгддэг гэсэн шүүмжлэлд өртдөг байлаа. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэндээ байгаагүйгээр буурсан. Энэ үйл явц хууль эрх зүйн орчноо шинэчлэхийг анхааруулсан дохио болсныг мэргэжилтнүүд хэлж байсан. Хөрөнгө оруулалтын тухай болон бусад холбогдох хуулиудыг баталснаар хөрөнгө оруулалтын орчинд ахиц гарч байна уу?

 -Шинээр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь бодлогын болон тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт гаргасан гэж хэлж болно. Өмнө үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд нь онолын хувьд хянах, зөвшөөрөл олгоход чиглэж байлаа. Харин шинэ хуулийн тогтолцоо нь илүү либерал, бизнест ээлтэй байх зохицуулалтыг агуулснаараа онцлогтой. Мөн шинэ хуулинд зөв­шөөр­лийн тогтолцоог багасгах, буу­руулах, хөрөнгө оруулалтын бодит үр ашгийг тогтоох, эдийн засгийн төрөлжилтөд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ зэрэг механизмыг тусгасан. Хуулийг баталсан өдрөөс эхлэн Засгийн газраас хууль сурталчлахад анхаарч, хэд, хэдэн цуврал арга хэмжээг гадаад болон дотоодод зохион байгууллаа. Энэхүү хууль сурталчлах арга хэмжээг энэ онд үргэжлүүлэн хийнэ. Дээрх арга хэмжээнд оролцсон хөрөнгө оруулагчид, тусгайлсан уулзалт хийсэн хүмүүсийн сэтгэгдлээс дүгнэхэд шинэ Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ам сайтай байгаа. Гэхдээ бодит үр дүнг амсахад тодорхой хугацаа шаардагдах учраас хөрөнгө оруулалтын орчинд ахиц гарлаа гэж хэлэхэд эрт байна.

 -Энэ онд хөрөнгө оруулалтын талаар ямар бодлого баримтлах вэ. Хоёр хөрш болон бусад орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр танай газар ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Жил бүр хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөнө гэж байхгүй. Гол нь манай улс хөрөнгө оруулалтын шинэ бөгөөд таатай эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавьсан нь чухал. Цаашлаад эдийн засгийн салбар бүрээр, холбоос зохицуулалт бүрийг энэ бодлогын суу­рин дээр улам боловсронгуй болго­ход манай байгууллага гол анхаарлаа хандуулна. Ерөнхий бодлого, зорилтын хүрээнд жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа. 2014 оны хувьд мэдээж шинээр бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын орчноо сурталчлах, хөрөнгө оруулагчдад зөв ойлголт өгөхөд анхаарч ажиллана. Үүний зэрэгцээ хэд, хэдэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа маш олон хүчин зүйлээс хамааралтай бөгөөд бизнесийн мөчлөгийг даган явдагаараа онцлогтой. Тиймээс бид хөрөнгө оруулалтын аливаа маргаанаас урьдчилан сэргийлэх, маргаан үүсгэж болзошгүй асуудлыг мэдэрдэг механизм бүрдүүлэхээр судалгааны ажил эхлүүлээд байна. Хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлэхээс өмнө одоо байгаа, нэгэнт хөрөнгөө оруулчихсан хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонсох, тэдэнд хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх нь чухал. Ер нь бол шинэ хөрөнгө оруулагчдын ихэнх нь Монголд аль эрт хөрөнгөө оруулсан шүү дээ. Тэд Монголын зах зээлийг мэддэг хүмүүсээр дамжин орж ирдэг гэсэн судалгаа хүртэл гарсан. Тэгэхээр энэ талаар нэлээн ажил өрнүүлнэ. Нөгөө талаас бидэнд яг аль салбарт, ямар төрлийн хөрөнгө оруулалт түлхүү хэрэгтэй байгааг тодорхойлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.

 -Монгол Улс хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд бүхий л салбараас хөрөнгө босгох бүрэн боломжтой. Уул уурхайг хэт шүтэхгүйгээр бусад салбараа хөлтэй болгоё гэдгийг эдийн засагчид хэлсээр ирсэн. Яг өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт ямар салбарт түлхүү байна вэ. Цаашид бүх салбарт хөрөнгө оруулалт татахын тулд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Статистик дүнгээс харахад, Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулал­тын 73 орчим хувь нь уул уурхайн салбарт байна. Уул уурхайн салбарын дараа худалдаа, үйлчилгээ, тээвэр болон банк, санхүүгийн салбар удаалж буй юм. Уул уурхайн салбарыг дагаад тээвэр, ложистик болон бусад олон төрлийн үйлчилгээ өргөжин тэлж, дэвшилтэт технологи, үйлчилгээний стан­дарт нэвтрээд эхэлчихлээ. Өнгөрсөн оны хувьд 2.3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Жижиг зах зээл, нэг салбараас хараат байгаа байдал нь тооны хувьд хэт хэлбэлзэлтэй байдлыг харуулдаг. Уул уурхайн нэг том төсөл хэрэгжихэд л хөрөнгө оруулалтын урсгал өмнөхөөс хэд дахин нэмэгддэг бол төсөл нь дуусахаар буурдаг хандлага бий. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтийг хангахад томоохон төслүүдийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дэмжин хэрэгжүүлэх нь чухал болоод байна.

 -Гадны хөрөнгө оруулагчид Монголын хууль эрх зүйн орчин тогтворгүй хэмээх шүүмжлэл Хөрөнгө оруулалтын тухай хууль шинэч­лэгдсэнээр хэр багасав? Энд танай байгууллагаас судалгаа хийж байгаа юу?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль нь эдийн засгийн суурь хуулийн нэг боловч энэ хуулийг баталснаар хөрөнгө оруулалтын орчин шууд тогтвортой, төгс болно гэж байхгүй. Салбар бүрийн хууль, эрх зүйн тогтолцоог ерөнхий суурь зарчимдаа нийцүүлэх шаардлагатай. Хууль, эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох, өөрчлөх процесс улс болгонд бий. Гэхдээ тухайн өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн орчин хүлээн авахад бэлэн үү, үгүй юу гэдэг нь чухал. Мэдээж бодлого нь тодорхой, хэзээ, ямар өөрчлөлт хийх нь урьдаас харагддаг байвал хөрөнгө оруулагчид мөн энэ дагуу тооцооллоо хийж, бэлтгэлээ хангах боломжтой. Монголд хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа бэрхшээлийн талаар судалгаа явуулж, анализ хийх, улмаар шаардлагатай зүйлсийг засч сайжруулах боломжийг бүрдүүлэх нь Хөрөнгө оруулалтын газрын үндсэн үйл ажиллагааны нэг юм. Энэ чиглэлд дангаараа болон олон улсын зарим байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий. Хөрөнгө оруулалтын шинэ хуулинд зарим татварыг хөрөнгө оруулагчдын төслөөс нь хамаараад тодорхой хугацаанд тогтвортой мөрдөх зохицуулалт орсон. Энэ нь төр, засгаас асуудлыг ойлгож, арга хэмжээ авч эхэлж байгаагийн нэг илрэл юм. Тогтвортой, тодорхой байх асуудал нь төрийн бүхий л шатны шийдвэр, үйл ажиллагааг хамаарч байгаа учраас хүн бүр хариуцлагатай байх асуудал гарч ирнэ. Тэгж байж л гадныхан монголчуудыг найдвартай бизнесийн түншээ гэж сонгож, хөрөнгөө оруулна.

-Танай газраас МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд ямар ажлууд өрнөх вэ?

-МҮХАҮТ-тай хэд, хэдэн шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Манай ажилтнууд “Хөрөнгө оруулагчийн менежер” гэсэн статустай явна. Төрийн байгууллага гэхээсээ илүү хөрөнгө оруулагч нарт менежерийн үйлчилгээ үзүүлэх, төртэй холбож өгөхөд ажиллах юм. Дэлхийн сайн туршлагуудад  нэвтэрсэн эл үйлчилгээг хамгийн түрүүнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт дахь аливаа маргаан үүсэхээс өмнө илрүүлэх үйлчилгээг МҮХАҮТ-тай хамтран үзүүлнэ. МҮХАҮТ -д арбитрын үйлчилгээ үзүүлэх хэлтэс  байдаг учраас энэ чиглэл рүү хамтын ажиллагаагаа чиглүүлнэ.

 -Манай улсын хэмжээнд хичнээн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төлөөлөгчийн газар байна вэ.Тэд манай улсад хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулав. Түүнчлэн Төв банкнаас хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэх мэдээллийг өгч байгаа. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд байна вэ?

-2013 оны байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 5000 орчим байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр аж ахуйн нэгжээр дамжин 1990 оноос өнөөг хүртэл 16.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Сарын тоон дүнгээр авч үзвэл өнгөрсөн оны 12 дугаар сард  70 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар 183 сая ам.доллар болсон байна. Хоёр сарын харьцуулалтаар хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ бидэнд эерэг  үр дүн гарах төлөв ажиглагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
702
0 эможи
keyboard_arrow_up