Эрдэс баялагийг шинэ технологитой хослуулсан хамтын хөгжилийн талаар хэлэлцлээ

2014 оны 8 сарын 12

Их тэнгэрт Монгол-Солонгосын эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Энэхүү форум хоёр өдөр үргэлжлэх юм. Далайд гарцгүй, Ази, Европын хоёр их гүрний дунд оршиж байгаа монголчуудад хөрш зэргэлдээ Орос, Хятадаас гадна гуравдагч орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шахалт, шаардлага эдийн засгийн зүгээс ч тавигдаж байгаа.

 

ДНБ-ний хэмжээгээрээ Азид эхний гуравт, харин дэлхийд 13-т жагсдаг Өмнөд Солонгос улсын худалдааны гол түнш болох сонирхол монголчуудад багагүй бий.

Эрдэс баялагаар арвин ч, дэд бүтэц тааруухан улсын хувьд Монголд шинэ технологи, чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. 

Зөвхөн эрдэс баялгийн салбарт ч бус эдийн засаг, тээвэр ложистик, боловсролын салбарт хамтран ажиллах сонирхол хоёр улсын хувьд аль алинд нь байна.  Монголд баялаг нь байна, харин солонгосчуудад технологийн асар том зах зээл бий.

Тиймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр хамтран хөгжих, эдийн засгийн идэвхийг сэргээх үүднээс  Их тэнгэрт Монгол-Солонгосын эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Энэхүү форум хоёр өдөр үргэлжлэх юм.

Итгэлцэл бол бизнесийн үндэс.

Итгэлцэлгүйгээр хамтын бизнес эрхлэх боломжгүй бөгөөд энэхүү форумын гол зорилго бол Монгол, Өмнөд Солонгосын компаниудад итгэлцэл төрүүлэх,  цаашдаа хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэгджээ.

Жараад оноос хойш Өмнөд Солонгос улс  богинохон хугацаанд эдийн засгаа хөгжүүлж, эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулсан асар их туршлага тэдэнд бий.

Тус улсын эдийн засгийн хөгжил дардан байгаагүй бөгөөд текник, технологийн салбарт түлхүү анхаарлаа хандуулснаар өндөр хөгжилд хүрсэн байдаг.  Тус улсын технологийн өндөр дэвшлийг ашиглан эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах, тээвэр ложистикээ сайжруулах, дэд бүтцээ хөгжүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжлийг хурдасгах том сонирхол монголчуудад бий.

Аливаа зүйлд нягт няхуур ханддаг солонгосчууд юуны өмнө монголчуудтай итгэлцийг бий болгохыг зорьж байна.  Тиймээс Их тэнгэрт болж байгаа эдийн засгийн форумд тус улсын тэргүүлэгч компаниудын захирлууд оролцож,  Монгол Улсын эдийн засгийн онцлог, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн тогтвортой байдлыг чухалчилж байсан.

Форумыг нээж, УИХ-ын гишүүн “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү ирэх жил  Монгол, Өмнөд Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг онцолж,  хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж,  эдийн засгийн түншлэлийг  өргөжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байгаагаа дурдсан. Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д зорчих визний асуудал хөнгөвчлөгдөж буй талаар ч  дуулгасан юм.

Тэрчлэн  Өмнөд Солонгос улс өндөр хөгжилтэй орон болсон туршлага нь томоохон компаниуд нь жижиг, дунд үйлдвэрлэлээ бүхий л талаараа дэмжиж, чиглүүлж, хамтарч ирсний үр дүн гэдгийг онцолсон.  

Хоёр орны хооронд зорчих монгол иргэний тоо 100 мянганд хүрсэн, 2013 онд гэхэд  Монгол-Солонгосын худалдаа хагас тэрбум долларт хүрсэн талаар манай улсаас тус улсад суугаа Элчин сайд Б.Ганболд танилцуулсан.

 

Энэхүү туршлагыг Монголын эдийн засгийн хөрсөнд цэцэглүүлэх нь манай томоохон компаниудаас шалтгаалах юм. 

Форумд  УИХ, Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна  хоёр улсын эдийн засагчид, бизнесийн төлөөлөгчид идэвхтэй оролцсон.  

Тодруулбал, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж,  УИХ-ын гишүүн Г.Батхүү,  Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь,  Хувийн хэвшлийг дэмжих, үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун,  “Монголын бизнесийн зөвлөл”-ийн дарга Б.Бямбасайхан, “МИАТ” компанийн захирал Г.Жаргалсайхан, Өмнөд Солонгосын талаас  Солонгос-Монголын хамтын ажиллагааны  форумын дарга Жүн Жан Сон,  тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру, “Дэлим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий, “Корей газ” корпорацийн гүйцэтгэх захирал Ян Юнг Мюнг нарын хүмүүс оролцсон юм. 

Форумын үеэр ажиглагдсан нэг зүйл бол хоёр улсын компаниуд хамтран ажиллах сонирхол их байгаа нь илт. Өмнөд Солонгосын компаниудын хувьд гүйцэтгэгчээр ажиллахаасаа илүү хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн хүлээлт Монголын талд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6916
0 эможи
keyboard_arrow_up