Хөрөнгийн бирж ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулахаар болжээ
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж эхэллээ.
Тодруулбал Монголын хөрөнгийн бирж өнөөдөр ажилчдынхаа цалинг 30 хувь бууруулан хэмнэлтийн горимд шилжиж буйгаа өөрсдийн цахим хуудсаар мэдэгдлээ.
Ингээд тэрхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн энэ оны санхүүгийн байдлаас шалтгаалан 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжлээ. Энэхүү хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, цалинг 30%-иар бууруулах, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаар боллоо.
Ойрын хугацаанд Монголын хөрөнгийн биржийн зүгээс батлагдсан орон тоо хэтрэлтийг арилгахаар ажиллах бөгөөд 2014 оны үлдэж буй саруудад томоохон худалдан авалт хийхгүй байх бодлого баримтална" гэжээ.