“Чингис хаан“-ы баримал, алтан тамгыг ₮8 тэрбумаар бүтээлгэж, ₮900 саяар тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирчээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.17/ хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого зарлагын 2024 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Чингис хааны баримл алтадсан тамга бүтээхэд 8 тэрбум төгрөг батлагдсанаас 8.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Батлагдсан төсвийнхөө хүрээнд зарцуулж болдоггүй юм уу. Батлагдсан төсвөө илүү зарцуулбал агентлагуудын удирдлага санхүүгийн хариуцлага хүлээдэг. Ямар хүчин зүйл нөлөөлөөд төсвөөсөө илүү зарцуулав?" гэв.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны зөвлөмжийн дагуу Чингис хааны алтадсан хүрэл баримал, алтан тамгыг Соёлын яамтай хамтран бүтээлгэх ажлыг төв банк хариуцаад явж байна. Өнгөрсөн онд батлагдсан төсвөөс 900 сая төгрөг давсан байна гэдэг асуудлыг хөндлөө. Тусгай ачаа учраас 7 метрийн өндөртэй Чингис хаан баримлыг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан. Тээвэрлэлт дээр хэтрэл гарсан. Гэхдээ энэ баримал нь төсвийн гурван жил дамнаад явж байгаа. Өөрийнх нь баримал бүтээлгэх зардлаас хэтрэхгүй байгаа. Гааль, НӨАТ- ын нэмэгдэл, тээврийн зардалтай холботойгоор 900 сая төгрөг нэмэгдсэн" гэв.