Дундаж цалин 1.9 сая төгрөг болж нэмэгдлээ
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 345.6 (22.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 59.2 (3.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 757.2 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1435.2 мянган төгрөг байгаа юм. Энэ нь медиан цалин өмнөх улирлаас 82.3 (6.1%) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 2.1 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.2 сая төгрөг байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2023 оны хоёрдугаар улиралд 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.2 хувиар нэмэгджээ.