“Moody's” Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой“ гэж үнэлэв
“Moody's” Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд, төлөвийг “Тогтвортой” гэж үнэллээ.
Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхэд эдийн засгийн төрөлжилт сул, улс төрийн тогтворгүй байдал болон засаглал сул зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулсан нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөхийг дурдсан байна. Тухайлбал: уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа эрчимжсэнээр гадаад валютын орлого өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жилүүдэд өсөхөд дэмжлэг болно гэж үзсэн байна.
Энэ онд Монгол Улсын эдийн засгийг 4.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Харин дараа дараагийн жилүүдэд өсөлт эрчимжиж 6-7 хувь болно гэж үзсэн байна. Үүнд “Оюу Толгой” төслийн гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл голлон нөлөөлнө. Мөн БНХАУ эдийн засгаа эргэн нээснээр дунд хугацаанд Монгол Улсын нүүрсний эрэлт өндөр байна гэж үзсэн байна.
Харин гадаад валютын албан нөөц 2023 оны эцэст 3.1 тэрбум ам.долларт тогтворжино гэж мэдээллээ. Гадаад өрийн хувьд олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход эрсдэлтэй ч зохицуулах боломжтойг дурдав.