Ё.Манлайбаяр: Ирэх онд УБТЗ-ын хүчин чадал 60 хувиар нэмэгдэнэ

2014 оны 3 сарын 05

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын  уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улс, ОХУ, Хятад, Казахстан, Вьетнам, хойд Солонгос зэрэг 6 гишүүн оронд ээлжлэн зохиогддог тус хурлаар төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцохын зэрэгцээ хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргадаг.

6

Хурлын үеэр ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяртай уулзаж ярилцлаа.

5

-Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын  уулзалтын талаар тодруулаач?

-Энэ хуралд 6 улсын төмөр замын байгууллагууд, тээвэр зууч, төмөр замын операторууд, томоохон ачаа илгээгч болон хүлээн авагчид цугларсан байгаа. Энэ завшааныг ашиглаад бид тарнзит тээврийн асуудлаа тодорхой ярьж, хэлэлцэж байна. Транзит тээврийн хүчин чадлаа нэмэхээс гадна үүнийгээ бүрэн ашиглах шаардлагатай. Иймээс транзит тээвэрлэлтийг татах зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол, Орос, Хятад 3 улсын Зам тээврийн яамны түвшинд зөвлөлдсөн. Энэ зөвлөгөөн 1956 оноос хойш зохиогдоогүй уулзалт болж, үр дүн нь гарч эхлээд байна байна. 2014 онд Орос, Хятадын талаас транзит тээвэрлэлтээ дорвитой нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээрүүдийг хийгээд явж байна.

5

-Транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал ямар шатандаа явж байна?

-УБТЗ-ын шинэчлэлийг сүүлийн 20 гаруй жил ярилаа. Ингээд 2013 онд УБТЗ-ын ерөнхий хороо шинэчлэлийнхээ нэгдүгээр үе шатны төлөвлөгөө болон санхүүжилтийг баталсан. Тухайн оныхоо 11 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. 2015 оны сүүлээр дуусах нэгдүгээр шатны ажлын хүрээнд нийтдээ 256 сая ам.доллароор дохиолол холбооны системийг солих, 6 өртөөг өргөжүүлэх, нэмж хөдлөх бүрэлдэхүүн авах зэргээр техникийн шинэчлэл хийнэ. Үүний үр дүнд 2015 он гэхэд УБТЗ-ын хүчин чадал 60 хувиар нэмэгдэх юм. Тодруулбал, өнгөрсөн жил УБТЗ нийтдээ 21 сая тонн ачаа тээвэрлэсэн бол хүчин чадлаа нэмэгдүүлснээр 33 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. Бидний хэтийн зорилго бол хос төмөр замтай болгох, бүх технологийг нь шинэчлээд явахад энэ зам маань 100 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.

6

-Санхүүжилтийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-256 сая ам.долларын тухайд 3 эх үүсвэрээс бүрдэж байгаа.  Хоёр талаас УБТЗ-ын дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэрийг 3 жилийн өмнө гаргасан. Үүнээс Оросын талын мөнгөөр бид зүтгүүрүүд авсан. Харин  Монголын талын 125 сая ам.доллар дансанд байгаа. Үүн дээр нэмээд 80 орчим сая ам.долларыг УБТЗ өөрөө гаргана. Харин үлдсэн 40 сая ам.долларыг зээлэх юм.

5

-Транзит тээврийн үнэ тарифыг уян хатан байлгах талаар хурлын үеэр яригдаж байна. Энэ тухайд?

-Бид энэ зөвлөгөөнөө уян тариф, хатуу график, нэг цонхны үйлчилгээ гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа. Учир нь зөвхөн хүчин чадлаа нэмлээ гээд транзит тээвэр нэмэгдчихгүй тул транзитыг татахад илүү уян хатан сонирхолтой байлгах хэрэгтэй. Үүний тулд юуны өмнө үнийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид хичнээн их транзит авна төдий чинээ тарифын хөнгөлөлт үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл, шаталсан тарифын системд шилжихээр судалгааны ажлаа дуусч байна.

Транзит тээвэрт хоёрдугаарт цаг хугацаа чухал. 2006 он хүртэл Монгол Улсаар 5 сая транзит ачаа дамжин явахдаа 6-8 хоног зарцуулдаг байсан. Бид одоо энэ хугацааг нарийн тооцон, орж ирэх цагаас гарах хүртэлх цагт хатуу график барьж, 36-40 цагийн дотор гаргана. Мөн гуравдугаарт гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналтын шалгалт дамжин өнгөрөх нь энэ цаг хугацаанд багтаж байгаа. Үүнийг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлэх талаар бид бусад холбогдох байгууллагуудад хүсэлт тавин, бэлтгэлээ хангаж байна.

6-Монгол Улс одоо байгаа төмөр замаа шинэчлэх, нөгөө талаар шинэ төмөр зам барих талаар ярьж байгаа. Шинэ төмөр зам тавих тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Транзитын тухай ярихад наад хоёр  асуудал тань хөндөгдөж байгаа. Улаанбаатар төмөр замын эзэмшилд байгаа төмөр замыг шинэчлэх, хоёрдугаарт шинэ төмөр замын төсөл байгаа. Энэ төслийн хүрээнд 5600 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Эхний шатанд 1800 км төмөр зам барих ёстойгоос 260 км замыг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд барьж эхэлсэн. Газар шорооны ажил одоо 70 хувьтай явж байна.

Энэ жил бид газар шорооны ажлаа дуусгаад дэд бүтцийнхээ ажил руу орно. 2015 онд 260 км төмөр зам ашиглалтад орох болно. Энэ төмөр замын өөрийн хүчин чадал нь 30 сая тонн тул ашиглалтад орсноор экспортын бүтээгдэхүүн нэмэгдэхийн зэрэгцээ, үнэ тариф 2.5 дахин хэмнэгдэх болно.

6

-Үлдсэн замын ажил хэзээ эхлэх вэ?

-Бид 260 км замыг бариад эхэлчихсэн байгаа бол үлдсэн 1600 км замын зураг төслийн ажлыг Японы компани хийгээд дуусч байна. Японы компанийн гаргасан судалгааг үндэслэх юм бол 1800 км төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай болно. Энэ замыг байгуулахад 40 хувийн шууд хөрөнгө оруулалт, 60 хувийг нь зээлийн хөрөнгө оруулалтаар босгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643
0 эможи
keyboard_arrow_up