Дөрвөн компани 336 грамм алт ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛБОРЛОЖЭЭ
Мэргэжлийн хяналтын байгууллагын арваннэгдүгээр сарын хяналт шалгалтаар зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грамм алтыг хураан авч, Монголбанканд тушаажээ.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад дөрвөн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлосон нь тогтоогдсон байна. Улмаар холбогдох хуулийн дагуу тэдгээр аж ахуйн нэгжийн олборлож байсан 336.3 грамм (57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий) алтыг хураан авч, улсын орлогод төвлөрүүлжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт (…аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох…) гэж заасан байдаг. Иймд аашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.