АХБ: Валютын ханш улам суларвал гадаад өрийн дарамт нэмэгдэхийг АНХААРУУЛАВ
Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр хэвээр байгааг Монголбанк Санхүүгийн тогтвортой байдлын тайландаа оруулсан байна.
Зүүн Азийн хөгжиж буй ихэнх орнуудтай харьцуулахад Лаос болон Монгол Улсын макро эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж байгааг Азийн хөгжлийн банк мэдээлсэн юм.
Бүс нутгаас гаднах улс орнуудад инфляц эрчимжиж, бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хүрээд байна.
Ингэснээр хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэж, ханш суларсан нь гадаад өрийн үйлчилгээний дарамтыг нэмэгдүүлээд байгаа аж. Мөн төсвийн орон зайг хумих замаар цар тахлын өмнө ч өрийн өндөр дарамттай байсан улс орнуудад томоохон хүндрэл учруулж байгааг тодотгож байна.
Ялангуяа нийт өрнийнх нь дийлэнх хувь нь гадаад валютаар нэрлэгдсэн Монгол Улсын хувьд эдгээр хүчин зүйлүүдэд хамгийн эмзэг байгааг Азийн хөгжлийн банк анхаарууллаа. Монгол Улс энэ оны 12 дугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар төлөх хуваарьтай байгаа юм.
Цаашид валютын ханш улам суларвал гадаад валютаар нэрлэгдсэн их хэмжээний өртэй Монгол Улсын хувьд өрийн дарамт улам нэмэгдэхийг Азийн хөгжлийн банк анхааруулж байна. 2022 он гарсаар төгрөг ам.долларын эсрэг 16.5 хувиар сулраад байгаа юм.