Ацан шалаанд орсон МОНГОЛБАНК

2022 оны 9 сарын 21

Америк мөнгөн тэмдэгтийн ханш сүүлийн өдрүүдэд дотоодын зах зээлд төгрөгийн эсрэг хурдтай чангарч байна. “Ногоон”-ы ханш цаашид ч чангарна гэсэн хүлээлт олон нийтийн дунд эргэлзээгүй давамгайлж буй. Нэг ам.доллар 3500 төгрөгтэй тэнцэнэ гэсэн хүлээлт нэгэнт бий болжээ. Өнөөгийн нөхцөлөөс харахад ам.долларын ханшийн өсөлт “хүлээлтийн цэг” дээр тогтворжихгүй байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш төгрөгийн эсрэг 3500-гаас давж чангарах магадлалтай гэсэн үг.

Монголбанкнаас зарласан албан ханшаар ам.доллар энэ оны эхний өдөр 2849.34 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл өчигдрийн байдлаар тус банкнаас зарласан албан ханшаар ам.доллар 3263.91 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь “ногоон”-ы ханш он гарснаас хойш төгрөгийн эсрэг 12 хувиар чангарсан үзүүлэлт юм. Ам.долларын ханш бусад валютын эсрэг 10-13 хувиар чангараад буй. Тиймээс зөвхөн төгрөгийн эсрэг ам.долларын ханш өсөөд байна гэж ойлговол өрөөсгөл.  Өнөөдрийн байдлаар 31.6 мянган гагаас 37.9 мянган тонн үр тариа хураажээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд хурдтай өсөж буй инфляцаа “хазаарлах”-ын тулд бодлогын хүүгээ дөрвөн удаа нэмж, 2.5 хувьд хүргэсэн. Холбооны нөөцийн сангийн дэд дарга Лаэл Брайнард шаардлагатай тохиолдол үүсвэл бодлогын хүүгээ дахин нэмж магадгүй гэж мэдэгдээд буй. Тус сан бодлогын хүүгээ өсгөж буй нь энгийн үгээр тайлбарлавал зах зээлээс ам.долларыг татаж авч байна гэсэн үг. Ингэхээр “ногоон”-ы хомсдол үүсэж таарна. Хомсдож буй зүйлийн ханш өсдөг нь эдийн засгийн бичигдээгүй хууль билээ. Ийм л замаар дэлхийд ам.долларын ханш чангарч байна. Худалдаа хөгжлийн банкны бэлнээр ам.доллар худалдаж авах ханш өчигдөр 3264 төгрөг, зарах нь 3290 байв. Тэгвэл валютын хар зах гэгддэг “Найман шарга” төвийн ченжүүд ам.долларыг 3400-3415 төгрөгөөр худалдаж авах ханш “зоожээ”.

Харин “ногоон”-ыг 3430 төгрөгөөр борлуулж байлаа. Тус төвийн ченж Н.Мөнхтөр “Манай төвд ам.долларын нийлүүлэлт бараг алга. Иргэд, аж ахуйн нэгжүүд ам.долларын ханш өсөнгүүт бидэнд худалдахаа больчихдог. Харин биднээс худалдан авах нь нэмэгддэг юм. “Ногоон”-ы ханш чангарна гэсэн хүлээлтийг дагаад, үнэ цэнийг нь өсгөх гээд нийлүүлэхээ больчихдог. Ханш нь унангуут ам.доллароо худалдах нь нэмэгддэг” гэв. Ченжүүд зах зээлд ам.доллароос бусад валют ч хомсдоод байгааг дуулгав. Рублиэс бусад валют ерөнхийдөө хомсдолтой байгаа гэнэ. Арилжааны банкууд нэг иргэнд өдөрт 300 ам.доллар л худалдах хязгаар тавиад буй. Банкууд ийм хязгаар тавих нь зах зээлд ам.доллар хомсодсоныг илэрхий болгодог.

Энэ оны эхний хагаст нэг удаагийн дуудлага худалдаагаар дунджаар 60 орчим сая ам.доллар зах зээлд нийлүүлж байлаа. Тэгвэл энэ сард нэг удаагийн дуудлага худалдаагаар зах зээлд дээд тал нь 34 сая ам.доллар нийлүүлжээ. Уг нь ам.долларын ханш огцом өсөж буй энэ үед валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх учиртай сан. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг хоёр хувиар нэмэн, 12-т хүргэх шийдвэр гаргаснаа дуулгасан. Мөн бодлогын хүүгийн коридорыг +1, -1 байсныг +2, -2 болгон өргөтгөх шийдвэр гаргажээ. Үүнээс гадна банкуудын гадаадаас татсан валютын эх үүсвэрийн эргэн төлөх хугацаа гурван жилээс дээш байвал заавал байлгах нөөцөөс чөлөөлдөг байсныг нэг жил болгон богиносгосон шийдвэр гаргав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах үеэрээ “Манай улсын гадаад валютын нөөц импортын 4-5 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүрч буурсан. Иймээс гадаадын валютын нөөцөд ихээхэн дарамт ирж байна. Монголбанк гадаад валютын нөөцөө хамгаалах бодлого баримтална. Тэгэхээр ам.долларын ханшийн дарамт нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярив.

Түүний үгийг энгийнээр тайлбарлавал, “Монгол Улсын валютын нөөц багасчихлаа. Тиймээс их хэмжээний интервенц хийхгүй. Валютын үлдсэн нөөцөө гамнахгүй бол болохгүй байна. Ам.долларын ханш өсөх нь тодорхой боллоо” гээд хэлчихлээ. Монгол Улс энэ оны эхний долоон сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай байв. Уг нь оны эхэнд 3.9 тэрбум “ногоон”-ы валютын нөөцтэй байсан. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг валютын нөөцөөр хаасан. Улмаар 2.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй үлдэж, эрсдэлтэй байдалд оров. Ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулахаар интервенц хийсээр байвал валютын нөөцөө дуугана. Интервенц хийхгүй бол ам.долларын ханш хурдтай өсөх нь тодорхой. Монголбанк ийм л ацан шалаанд орсон хэрэг. Тэгээд л валютын нөөцөө хамгаалах бодлого баримтлахаар болжээ.

Урт хугацааны эрсдэлээ тооцвол ингэх нь зөв. Валютын нөөцөө “гөвчихөөд” сууж байтал гэнэтийн аюул тохиолдвол амаараа шороо үмхэнэ. Хэрэв их хэмжээний валютын нөөцтэй байсан бол интервенц хийж, ам.долларын ханшийг тогтворжуулж болох байлаа. Нөөцөө барснаас ханшийн дарамтыг үүрсэн нь монголчуудад алсдаа өлзийтэй.

Мөн банкуудын гадаадаас татсан валютын эх үүсвэрийн заавал байлгах нөөцийн хугацааг богиносгосон шийдвэр нь ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Өмнө нь гурван жил хүртэлх хугацаатай, гадаадаас татсан эх үүсвэрийн 18 хувийг заавал байлгах нөөцөд татдаг байжээ. Аль нэг банк нэг жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд гадаадын зах зээлд гаргасан гэж бодъё. Үүний 90 сая ам.долларыг зах зээлд нийлүүлэхгүй Монголбанканд байршуулах шаардлагатай байж. Дээрх шийдвэрийг гаргаснаар банкууд нэг жилээс дээш хугацаатай эх үүсвэрээ бүгдийг нь зах зээлд нийлүүлэх эрхтэй болж байна. Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд ам.долларын ханшийн өсөлтийг сааруулах ийм шийдвэр гаргажээ. Манай төгрөг гадаадын бүх валютын эсрэг сулраад буй хэрэг биш. Тодруулбал, Монголбанкнаас зарласан албан ханшаар нэг евро өнгөрсөн жилийн дунд үед 3500 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 3280-тай дүйж байна. Төгрөгийн ханш Японы иений эсрэг 10 хувиар чангарсан. Ингэснээр 22 төгрөгтэй дүйх болов. Гэсэн ч цаг үеийн нөхцөл Монголбанкийг ацан шалаанд оруулж, ам.долларын ханшийн чангарах хурд нэмэгдэх нь тодорхой болов.

Эх сурвалж: UNUUDUR.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640598
1 эможи

keyboard_arrow_up