Хуульч О.Батхүү: Банкууд зээл судалсны шимтгэл авдаг нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл гэдгийг шүүх тогтоосон
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкнуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгосон.
Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн билээ. Улмаар энэ асуудлыг зохицуулбал иргэдийн ипотекийн зээлийн хүү буурах боломжтой гэдгийг хэлж байсан.
Түүнээс хойш энэ асуудалд олон нийт анхаарал хандуулаад буй.
Тэгвэл өнөөдөр банкууд зээл судалсны шимтгэл гэж нэг хувийг авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Хуульч О.Батхүү Монголбанкинд шаардлага хүргүүллээ.
Тэрбээр " Зээл олголт бол арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа. Энэ үндсэн ажлаа хийснийхээ төлөө зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнтэй холбогдуулан гурван шатны шүүхийн шийдвэр гараад арилжааны банкууд хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Гэтэл арилжааны банкууд нэг хувиа одоо болтол авсаар байна. Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн, банкуудаар үйлчлүүлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Арилжааны банкууд Монголбанктай уулзалт хийх ёстой. Монголын арилжааны банкуудын хүү харьцангуй өндөр. Хамгийн бага нь 6 хувь. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу юм." гэв.