СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж 66 мянган төгрөгөөр нэмэгджээ
Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна.
Өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна.
Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн байна.
Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4 хувиар) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ.
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 46.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 712.5 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (3.9%) мянгаар, өмнөх улирлаас 492 (1.1%)-оор ажиллагчид өмнөх оны мөн үеэс 14.9 (2.1%) мянгаар, өмнөх улирлаас 14.3 (2.0%) мянгаар өсжээ.
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 3дугаар улирлын тайланд хамрагдсан 712.5 мянган ажиллагчдын сарын медиан цалин 993.0 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 603 (0.1%) төгрөгөөр буурчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66.0 (5.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 4.6 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.