“Найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад орсон Т.Бадамжунайгийн хамаарал бүхий “Бэрэн групп” ХХК-ийн “цаадах улс төр“
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж буй. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд нь ихэнх нь улс төрчидтэй хамаарал бүхий гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
“Бэрэн групп” ХХК-ний улс төрчидтэй хамаарал нь
Тэгвэл эдгээр аж ахуй нэгжүүдүүдийн дунд Бэрэнбаралын Мөнхтөрийн “Бэрэн групп” ХХК компани орсон. "Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөр нэгэн үес МАН-ын нууц ноёнтон Т.Бадамжунайгаас огт салахгүй зүүгдэж явсаар, төрийн томоохон зээл, хөтөлбөрүүдэд хамрагдсан байдаг.
Үүний учир нь “Бэрэн” групп “Бэрэн кокс”, “Бэрэн авто скан” охин компаниудтай бөгөөд үүнээс “Бэрэн кокс”-ийг 2016 оны наймдугаар сарын 24-нд бүртгүүлсэн, гадаад худалдаа, нүүрсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, коксжсон нүүрс үйлдвэрлэл, автомашинаар ачаа тээвэрлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулахаар иргэн Бэрэнбаралын Мөнхдалайгийн нэр дээр бүртгэгджээ. Тэгэхээр УИХ-ын 2016 оны сонгуулийн ялалтын дараахан энэ компаниа байгуулсан нь “өнөөгийн том хэлэлцээрт” хүргэснээс бус олон жил үйл ажиллагаа явуулсан туршлага сэлт огт чухал биш болох нь эндээс харагдаж байна. Харин “Бэрэн” групп хийгээд Т.Бадамжунайн хамтын ажиллагааг улс төр, бизнесийн хүрээнийхэн андахгүй биз ээ.
“Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан нь
2016 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарын зээл олгосон компаниудын хамраалад, 2016-2018 оны хооронд мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамбын зээл олгосон компаниудын хамраалад багтсан талаар зарим хэвлэл мэдээлсэн.
Иймдээ ч алдарт "Бэрэн" групп хоёр удаа томоохон төсөл хөтөлбөрт хамрагдаж зээл авсан нь улс төр дэх томчуудын нөлөөгөө ашигласан логик харагдана.
“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хороололд "орон сууцны хороолол барих" нэрийдлээр төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас өдгөө 43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдаж, 39 сарын хугацаа хэтрэлтэй гэх зөрчил үүсэж, авсан бүх зээл нь найдваргүй болсон байна. Улмаар тус групптэй холбоотой шүүх хурал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-нд болж, шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь, “Бэрэн групп” ХХК нь тус банкнаас зээл авахдаа Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай хотхон"-ы хэд хэдэн орон сууцыг барьцаанд тавьжээ. Гэтэл Хөгжлийн банканд 4,4 тэрбумын төгрөгийн барьцаанд тавьсан "Хангай хотхон"-ы 518 дугаар байрны 72 айлын орон сууцыг иргэд борлуулаад дууссан бол үлдсэн гурван барилгын эхний давхрын цутгалт хийгдсэн гэх мэдээлэл бий.
Хамгийн ноцтой нь, тухайн орон сууцыг худалдаж авсан иргэд барьцаанд тавьсан байранд амьдарч буйгаа мэдээгүй гэх мэдээлэл ч бий. Эцэст нь хэлэхэд, “Найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад орж, шүүхийн төвшинд хэл ам дагуулж буй “Бэрэн групп” ХХК-аас болж нэг бол Хөгжлийн банк буюу улс хохирч үлдэх үү, эсхүл барьцаанд тавьсан байранд амьдарч буй иргэд хохирч үлдэх үү гэдгийг харах л үлдлээ.