ААН-үүдэд 1,3-1,5 хувийн хүүтэй нийт 100-н тэрбумын зээл олгоно

2022 оны 1 сарын 20

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, “Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв Монголын хамгийн отгон банк болох “Богд” банктай хамтран 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн хөтөлбөрийг зарлаж байгаагаа дуулгахад таатай байна. Цар тахлын нөлөөллөөр санхүүгийн эрсдэлд өртөөд буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүллээ. Бизнес эрхлэгчид тус зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байрыг хадгалах, шинээр нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд зөв схем бүрдүүлэх боломж гарна гэж үзэж байна. Манай байгууллага төсөв шүтсэн байдлыг халж, олон улсын болон дотоодын байгууллагуудтай төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 15 байгууллагатай санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байна. Тэдгээрийн нэг жишээ нь уг зээлийн хөтөлбөр юм. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, борлуулалт, маркетингийн сувгийг дэмжих, төрийн худалдан авалтад оруулах зэргээр бодлогын чанартай хэд хэдэн ажлыг хийж байна” хэмээсэн юм.

“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар амжилттай явснаар Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Манай банк өнгөрсөн жил IPO гарган олон нийтийн банк болж, өнөөдрийн байдлаар 1500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон.  2021 оны есдүгээр сард Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвтэй санамж бичиг байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43.236 нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 674 мянга гаруй ажилтан хөдөлмөр эрхэлж буй тус салбар нь “Ковид 19” цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж байгаа юм. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас таван удаагийн судалгаа хийсэн. Судалгааны дүнд, уг салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн байгаа нь тогтоогджээ. Мөн тэдгээрийн 95 хувьд нь тус хүндрэлийг давахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж. Тиймээс хамтрагч байгууллагуудын зүгээс “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт чиглэсэн Санхүүжилтийн хөтөлбөр” бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633942
1 эможи

Отгончимэг
2022-01-21 02:47
Бас л дараг Сайд эрх мэдэлтэнгүүд нь өөрсдөө л хуваагаад долоочих нь биз дээ
keyboard_arrow_up