Замын-Үүд боомтоор 1000 гаруй тонн ачаа барааг татан авчээ
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Шадар сайд өчигдөр газар дээр нь ажиллах үедээ чингэлэг тээврийн үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн чанд дэглэмийн дор эхлүүлж, "0" цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн билээ.
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.