Монгол Улс цар тахлыг даван туулж эхлэв үү?
Их хачин сонсогдож магадгүй юм. Өдөр бүр арав арваараа амиа алдаж, хэдэн зуугаараа халдвар авч байхад юуны чинь “даван туулах вэ” гэж мэдэх юм. Мэдэх юм ч гэж, ер нь тэгнэ л дээ.
Яг жилийн өмно хатуу хөл хорионд орж, гэр гэртээ бүгж, гудамжаар түргэний тэрэг, төрийн албаныхан л зорчиж байлаа. Гудамж талбай эл хувь, гамшгийн “улаан” зэрэг тогтоочихсон. “...Тоосноосоо бусгана” гэдэг шиг л... “Энхсаран сувилал”, тээврийн жолооч, автобусанд найтаасан хүү, гэрээсээ зугтаагаад гудамжинд оосорлуулсан аав гээд л...
Тэгвэл өнөөдөр гамшгийн зэрэг бараг “ногоорчихсон” байна. Сая, энэ сарын 1-нээс бүр бүх үйлчилгээг нээчихлээ. Хүсвэл бааранд орж, караокед дуулж, урлаг соёлын арга хэмжээнд оролцож, дуучдын тоглолт үзэж, бүр улс төрийн жагсаал цуглаан хийж, ер нь л монголчууд маань масктай л болохоос хэвийн “амьсгалаад” эхэлжээ.
Гэвч энэ хүртэл, өнөөдөр ч Монгол Улс маань цар тахлын хор хөнөөлд нэрвэгдсээр байна. Юуны өмнө, цар тахлын улмаас амиа алдсан 1800 гаруй монгол хүнийхээ төлөө гүн эмгэнэл илэрхийлье.
Гурван сая гаруйхан монголчууд ийм олон хүнээ алдана гэдэг харамсалтай. Ер нь бол энэ цар тахлаас Монгол Улсын хүлээсэн хамгийн том хохирол бол эдгээр хүний амь нас юм.
Гэвч өнөөдөртөө цар тахлын тархалтыг бурхан бууж ирээд ч зогсоож чадахааргүй байгаа нь үнэн. Тийм учраас тахлын хохирлыг хүн төрөлхтөн дэлхийн өнцөг булан бүрт цаг минут бүрт амссаар байна.
COVID19-ийн халдвар, хүндрэлээр дэлхий дээр таван сая гаруй хүн амиа алджээ. Үүнээс Америк хамгийн олон буюу 750 мянга гаруй иргэнээ алдсан байна. Араас нь Бразил, Энэтхэг улсууд орж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн байдлаар, Хонконгод хаддварын 12377 тохиолдол илэрч, 213 хүн нас барсан. Мөн Тайваньд 16465 тохиолдол илэрч, 848 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Ингэснээр өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 98099 тохиолдол илэрч, 4636 хүн нас баржээ. Ийм том эрсдэлийн дараа “…Вакцин цар тахлаас хамгаалж байна” гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрлөө.
Гэхдээ вакцины хуваарилалт тэгш бус байгаагаас ядуу буурай оронд өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг судалгаагаар дүгнэжээ. Оксфордын их сургуулийн судлаачид "...Нийт дархлаажуулалтын 76 хувь нь өндөр, дундаас дээш орлоготой улсад хийгдсэн. Харин ядуу буурай орнуудад дэлхий дээрх вакцины ердөө 0.6 хувь нь оногдож байна" гэсэн дүгнэлтийг хийжээ.
Мөн Европод вакцинжуулалт муу байгаагаас өвчлөл нэмэгдэж, цар тахлын тархалт нэмэгдэж болзошгүйг ДЭМБ анхааруулсан байна. Энэ хүрээнд Австрийн Засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг өнөөдрөөс хөл хорионд оруулах эсэх талаар амралтын өдрүүдэд хэлэлцэж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Ингэж дэлхий нийтээрээ вакцины ач холбогдлыг хүчтэй "ярьж" эхлэв. Цаашлаад вакцины гурав дахь тунд иргэдээ хамруулах ажлыг улс орнууд хийгээд эхэллээ. "...Японы Коронавирусын тархалттай тэмцэх Засгийн газрын шинжээчдийн комиссын мэргэжилтнүүд гурав дахь тунгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна" гэж NHK мэдээлжээ. Мөн хүн амынх нь 87 хувь вакцинд хамрагдсан Норвеги улс коронавирусын гурав дахь тунг зөвхөн 65-аас дээш насны хүмүүст хийж байна. "...18-аас дээш насны хүн бүр 2022 оны эхнээс вакцины гурав дахь тунг хийнэ” гэж тус улсын Ерөнхий сайз Йонс Гар Стёре мэдэгдэв. Израйлийн Засгийн газар “Pfizer” вакцины гурав дахь тунд ард иргэдээ хамруулах аяныг наймдугаар сараас эхлүүлсэн. Гурав дахь тунд хамрагдах насыг үе шаттайгаар бууруулсаар одоо 12-оос дээш насныхныг хамруулж эхэлсэн байна. "...Вакцины нэмэлт тун Израилийг аварсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Амьдрал хэвийн хэмнэлдээ, гэхдээ шинэ хэвийн хэмнэлд эргэн орж байна. Бид амны хаалтаа тайлахгүй. Битүү орчинд байгаа тохиолдолд амны хаалтаа зүүсэн хэвээр байх болно” гэж Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн тархвар судлалын профессор Габриэль Барбаш хэлжээ.
Ийн, "...Амьд хүн аргатай, аргалын гал цогтой" гэж, цар тахлаар өвдсөн ч эсэн мэнд үлдсэн, бас тахлын халдвар аваагүй хүн төрөлхтөн вакцины, тэр тусмаа гурав дахь тунгийн тусламжтайгаа маргаашийн төлөө мацаж эхэллээ. Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн харилцааны хэв маяг ч өөрчлөгдлөө. Цоо шинэ харилцааны үе эхэллээ гэсэн ч болно. Монгол Улс ч энэ шинэ маягийн амьдралд хөл тавихын зэрэгцээ вакцины гурав дахь тунд иргэдийг хамруулж эхлээд хоёр сар гаруй болов. Манай улсын хувьд төр засаг ямар ч байсан COVID19 цар тахлын эсрэг вакциныг зөөж авчраад иргэдийг хангалттай хамрууллаа. Вакцины эхний тунд хүн амынхаа 70, хоёр дахь тунд 67, гурав дахь тунд 16 орчим хувийг хамруулаад байна. Шинэ тохиолдлын тоо өнгөрсөн хоногоос хоногоос 26.3 хувь, нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 18.1, нас баралт 20 хувиар буурч эхэллээ.
Гурав дахь тун хийж эхлээд гамшгийн түвшинг "улаан"-аас "улбар шар" руу шилжүүлсэн. “Улбар шар” түвшинг он дуустал үргэлжилнэ. Гэсэн хэдий ч дээр хэлсэнчлэн амьдрал дээр бараг л "ногоон" түвшингийн амьдрал өрнөж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар ч "...Гурав дахь тунд хамрагдаад бүх үйлчилгээг авах"-ыг санал болгож байна. Цаашлаад улс төр, эдийн засаг, бусад чиглэлд авч буй арга хэмжээ нь үүнийг харуулж байгаа юм.
Үүнээс гадна ДЭМБ тун удахгүй Монгол Улсыг “сүргийн дархлаа”-тай болсныг зарлаж магадгүй юм байна. Вакцинд хамрагдсан, өвдөөд эдгэсэн монголчуудын тоо нийлээд 90 шахам хувьтай болж буй ажээ. Тиймээс “сүргийн дархлаа” гэж үздэг байна. Үүнийг, “...Мянга мянгаар нь хүнээ алдаж, маш том эрсдэл амссан ч COVID19 цар тахлын одоо байгаа хувилбар буюу нөхцөл байдлыг даван туулж эхэллээ” гэж дүгнэж болно.
Гэвч COVID19 цар тахал ямар хувилбараар, хэзээ дуусах вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Харин “...Цар тахалтай дасан зохицож амьдрах хэрэгтэй” гэсэн ганц л зам хүн төрөлхтний өмнө байна.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин