НДШ-ийг орлоготой нь уялдуулж тогтоох боломжтой юу?

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн.

Өөрөөр хэлбэл, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлан УИХ-аар хэлэлцэхээр болоод байна. Ингэснээр төсвийн ачаалал нэмэгдэх болоод байгаа юм. Хэрэв хоёр хувийг нэмж төлөхгүй гэвэл төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо хийсэн. Мөн Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлого 176 тэрбум төгрөгөөр буурна гэв.

Сүүлийн хэдэн жилд НДШ-ийн хувийг их бага хэмжээгээр хасч нэмэгдүүлсэн хэдий ч ажилтны цалин,орлого тэр хэрээр нэмэгдэж нийгмийн даатгалын сангийн мөнгө өссөн үү гэвэл үгүй. Түүнчлэн энэ удаа хоёр хувиар нэмэгдүүлэх хуулийг буцааснаар даатгуулагчийн орлого өсч аж ахуйн нэгжид очих дарамт багасна гэж байгаа ч алсдаа НДШ-ийн тогтолцоог өөрчлөхгүйгээр удаан явахгүй нь ойлгомжтой болоод байна. Өөрөөр хэлбэл, хуулийг өөрчилж ажилтан буюу даатгуулагчид НДШ төлөх хэд хэдэн хувилбарын сонголт өгөхгүйгээр ирээдүйд тэтгэврийн даатгалын санд мөнгөө төвлөрүүлэх иргэдийн итгэл буурахыг статистик тоон мэдээлэл харуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийн  хувь хэмжээг тогтоох тухай саналыг зарим төрийн бус байгууллага гаргасан байдаг. Яагаад ийм санал гаргасан шалтгаанаа орлого бага жижиг аж ахуйн нэгжүүдийн НДШ төлөлтийн өр хэдэн жилээрээ төлөгдөөгүй НДЕГ-т өр үүсдэгтэй холбоотой гэж тайлбарладаг. Цар тахлын энэ хүнд үед өр хэд дахин өсөөд буй аж. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлоготой уялдуулан НДШ-ийг тогтоох тухай санал гарчээ. Энэ хэр оновчтой санал вэ гэдэгт эдийн засагч, судлаач, шинжээчдийн байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Д.Лхагважав: Хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулах сэдлийг төрүүлэх  хэрэгтэй

-Манай улсын нэгдсэн төсвийн орлогын хоёр их наяд төгрөгийг  1.2 сая иргэний НДШ нэртэй таван төрлийн даатгалаар бүрдүүлдэг бол есөн их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлдэг. Харин даатгалаар цуглуулсан мөнгөө буцаагаад зарцуулахдаа хуучин социалист нийгмийн хоцрогдсон системээр явуулдаг. 2015 онд НДШ-ийн тогтолцоог өөрчлөхдөө энэ таван төрлийн даатгалын үүрэг, мөн чанарт өөрчлөлт ороогүй. Тодруулбал, ажилгүйдлийн даатгалд 2020 онд 40 тэрбум төгрөг цугларсан байхад хөл хорионд гурван сар байхад 770 мянган ажилтан ажилгүйдлийн тэтгэмжээ буцаан авч чадаагүй. Төсвийн 200 мянган ажилтан 50 хувийн хагас цалингаа авсан. Тэгэхээр энэ мөнгө зориулалтаараа ашиглагдаагүй гэсэн үг. Үүнтэй адил бусад дөрвөн төрлийн даатгал мөн зориулалтаараа зарцуулагдахгүй байна. Үе үеийн салбарын сайдууд энэ мөнгийг зориулалтаар нь ашиглахгүй тоглоом болгосоор ирсэн. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийг тогтоох гэхээс илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсдэг. Тэгэхээр одоогийн тогтолцоогоор бол компаниуд хөдөлмөрийн зах зээл рүү их мөнгө хийх сэдэл төрөхгүй байна. Хоёр их наяд төгрөгийг яагаад нэмэгдүүлж болохгүй гэж. 2007 онд ажил олгогч 10 хувь, ажилтан есөн хувь нийт 19 хувиар төлж байхад энэ сан руу хийх мөнгө нэмэгдэж байсан. Одоо ажил олгогч ажилтан хоёр нийлээд 23-26 хувиар төлөх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болоод байгаа юм. Сая цар тахлаас шалтгаалж сангийн бүрдүүлэлт нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна. Уг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ үед Монголбанкнаас нэг  их наяд төгрөг барьцаалж аваад зургаан сарын дараа иргэдийн цалингаас нь НДШ-ээр буцаагаад төлж болох байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгөнөөсөө хөрөнгө босгох боломж байсан ч ашиглаагүй. Даатгалын мөнгийг өсгөх хөшүүрэг хийгээгүй. Ингэснээр одоо төсөвт дарамт үүсэхээр байна.

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ:Татварын багц хуулийн хүрээнд судлагдаж байсан

- Гол асуудал нь НДШ төлөгч даатгуулагчийн цалингаасаа төлсөн шимтгэлийн мөнгө Нийгмийн даатгалын санд өөрийнх нь нэр дээр төвлөрч хуримтлагдан ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бөөнд нь шууд авах буюу өвөлж үлдэхгүй алга болчихдогт байгаа юм. Тэгэхээр одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох тухайд би дэмжихгүй. Мэдээж компаниуд орлогоо нууж  ажилтныхаа цалинг нэмэхгүй байх сөрөг нөлөөлөл үүснэ. 2005-2006 онд Татварын багц хуулийн хүрээнд  ажлын хэсэгт ажиллаж байхад мөн орлоготой нь уялдуулж тогтоох тухай судлагдаж байсан. Гэхдээ тухайн үед дэмжигдээгүй. Орлого,борлуулалт багатай аж ахуйн нэгж болох шинжлэх ухааны, оюуны хөдөлмөр голчилдог байгууллагуудад хөнгөлттэй байх зохицуулалт хийж болох ч тийм ч оновчтой хувилбар биш. Мэдээж компани байгуулсан л бол зах зээлийн жамаараа орлого олох хүн цалинжуулах нь тодорхой. Хэрэв орлого олох бизнес хийж чадахгүй бол тэгээд зах зээлээс шахагдах жамтай. Бүгд тэгш шударга зарчим дээр л хууль үйлчилнэ шүү дээ.

Эдийн засагч Ц.Лут-Очир: Хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчим алдагдана

- Орлоготой нь уялдуулж НДШ-ийг тогтоох нь боломжгүй зүйл. Хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчим алдагдана. Хүн том жижиг газарт ажиллах нь ялгаагүй ижил нийгмийн НДШ төлөх ёстой. Том нь илүү төлөх бол жижиг аж ахуйн нэгж дээр бүртгүүлэх, хуулийн цоорхой руу явах зам нээгдэнэ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн зарчимд харшилна. Орлого бага олдог гээд шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбараа тодорхойлох ч хэцүү. Багш, эмч цагдаа гээд соён гэгээрүүлэх салбарт орвол систем зардлаа дийлэхгүй. Угаасаа НДШ төлөлтийн тогтолцоогоо өөрчилж Тэтгэврийн сангийн реформоо яаралтай хийх хэрэгтэй.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627093
0 эможи

keyboard_arrow_up