Ажлын байрыг дэмжих хоёр тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр 34 хувийн гүйцэтгэлтэй байна
Засгийн газрын 100 хоногт ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр 34 хувийн биелэлттэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа.
Тэрээр "Ажлын байрыг хадгалах зээлийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар, 8373 иргэн, 1523 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд хоёр их наяд төгрөгөөр тооцвол 34 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнийг чамлахааргүй амжилт гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар, энэ зээлийн эх үүсвэрийг нэг их наядаар нэмэх санал оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр гурван их наядын хөтөлбөр болж байгаа" хэмээв.
Дээрх зээлийг олгох шалгуурт Засгийн газар оролцохгүй, арилжааны банкны шугамаар явагдаж байгаа тул хамаарал бүхий этгээддээ олгож байгаа гэх хардлага үүсэхгүй гэдгийг тодотгов. Тиймээс Засгийн газраас тухайн зээлд аудит хийлгэж, хүүгийн дэмжлэг олгох ажлаа үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна.
Мөн Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжих хөтөлбөрийн хүрээнд, 341.8 тэрбум төгрөгийг 605 иргэн, 1214 аж ахуйн нэгжид олгоод байна.
Барилгын салбар зогссон энэ үед нэгэн чухал зүйл нь ипотекийн зээлийг үргэлжлүүлсэн явдал байсныг Ерөнхий сайд онцлов.
Уг зээлийн хүрээнд 234.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаагаас, Улаанбаатар хотод 2242 иргэн, орон нутагт 997 зээлдэгч хамрагдсан байна. Энэ хөтөлбөр 12 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд зах зээл рүү мөнгө оруулснаар 43 мянган ажлын байр хадгалагдсан статистик мэдээ гарчээ. Мөн 2021 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэж, ДНБ-ний эзлэх хувь тэлэхээр тооцоо гарсан байна. Гэхдээ энэ бол гурван жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын хөтөлбөрийн эхний хэсэг бөгөөд үр дүн гарч байгааг онцлон тэмдэглэв.