2021 онд эдийн засаг өсч 2019 оны төвшинд хүрнэ гэв
Үндэсний хөгжлийн газраас эдийн засгийн цуврал судалгааг хийж олон нийтэд танилцуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засгийн түвшинд дэлхийн эдийн засаг, БНХАУ түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр 2020 оны дэлхийн эдийн засгийг олон улсын санхүүгийн байгууллагууд - 3.5-4 хувьтай унана. Цаашид ч үргэлжилнэ хэмээн төсөөлж байсан. 2020 онд энэ хэрээр эдийн засаг агшсан. Харин энэ уналт 2021 онд үргэлжилнэ гэж байсан бол буцаад өсч 2019 оны түвшинд хүрч дөрвөн хувь буюу түүнээс дээш өснө хэмээн эхний таамаглалууд гарсан байна. Харин БНХАУ-ын эдийн засгийг 2020 онд ойролцоогоор хоёр хувиар өснө гэж төсөөлж байсан бол 2021 онд 7-8 хувиар өснө хэмээн өөдрөгөөр төсөөлсөн. Хятадын энэ өсөлт бусад улстай харьцуулахад өндөр байгаа нь дотооддоо COVID-ийг хумиж чадсан мөн капитал хөрөнгө оруулалтыг сайн хийсэнтэй холбоотой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн нөөцтэй байсан учраас олон тооны төслүүдийг эхлүүлсэн. Энэ нь 2021 онд үргэлжлэхээр байгаатай холбоотойгоор ийнхүү өндөр төсөөлж байгаа гэлээ.
Монголын эдийн засгийг 2020 онд Сангийн яамнаас -01 хувиар, Азийн хөгжлийн банкнаас -2.6, Олон улсын валютын сан -2 хувиар өснө гэж төсөөлж байсан. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоосон хөл хориог тооцоогүй өсөлтийн таамаг. Энэ өсөлтийн тооцооллыг одоогоор Үндэсний статистикийн хороо хийгээгүй байна. Харин Үндэсний хөгжлийн газрын захиалгаар манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар COVID-19-ийг дотооддоо алдаж хөл хорио тогтоож эхэлсэн арваннэгдүгээр сарын 12-ноос хойшх шокийн үеийн эдийн засгийн үзүүлэлт дээрх өсөлтийн таамгийг няцаасан юм. Энэ судалгаагаар 2020 оны эдийн засаг -9 хувиар унахаар байгааг гаргажээ.
2021 ОНЫ ӨСӨЛТИЙН ХҮЛЭЭЛТ
Эдийн засаг ирэх зургаан сарын дараагаар өснө гэсэн хувийн хэвшлийн хүлээлтийг МакКензигийн судалгаа нотолсон байна. Гэхдээ вакцинаас шалтгаалан бага зэрэг унасан ч эргээд өснө гэдгийг хэлээд байна. Тус судалгаанд 2231 томоохон компаниудын захирлууд хамрагдсан аж. Тэдний дийлэнх нь COVID-19-өөс шалтгаалж өсөлт А1 буюу V хувилбараар удаашралтай өснө хэмээн хариулжээ.
Манай улсын эдийн засаг Хятадынхаас их хамааралтай. Дэлхийн зэсийн 52 хувийг импортлогч улс. Энэ утгаар тус улсын эдийн засаг энэ онд найман хувиар өснө гэдэг нь зөвхөн Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Гагцхүү энэ нөлөөллийг манайх хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж чадах вэ гэдгээс манай эдийн засгийн өсөлт, хүлээлт шалтгаална.
Хятадын зэсийн хэрэгцээг хангадаг манай улсын хувьд зэсийн үнэ өндөр байгаа нь энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг бататгана. 2016 онд зэсийн үнэ 4000 ам.доллар руу уруудсан хүнд үе байсан бол аажмаар өссөөр өнөөдөр буюу 2021 онд найман мянган ам.долларт хүрч даруй дөрөв дахин өсөөд байгаа нь том завшаан. 2021 оны төсөвт зөвхөн зэсээс орж ирэх орлогыг тонн тутмыг 6000 орчим ам.доллараар бодож 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Гэвч зэсийн ханш найман мянган ам.доллар болж өссөн нь төсвийн орлогыг энэ хэрээр нэмэгдүүлэх ч яг өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зэсийн үнийн өсөлтийн зөрүүгээс орж ирэхийг гаргасан албан ёсны судлагаа алга.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин