2021 оны эдийн засгийн дүр зураг
“COVID-2019” олон улсын болоод бүс нутгийн эдийн засагт 2020 онд сүүдрээ тусгасан жил болсон. Дэлхий нийтээр “covid-19”-ийн шокноос гарч чадалгүй шинэ онтойгоо золгоод байна. Гэхдээ энэ шокийн дараагаар буюу 2021 онд эдийн засагт шинэ сэргэлт ирэх төлөв ажиглагдаж байгааг судлаачид мэдэгдэж байна.
2021 онд манай эдийн засгийг маш өөдрөгөөр буюу зургаан хувиар, өсөхөөр байгааг Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай мэдэгдээд байгаа. Үүнд алт, зэс, газрын тос, коксжих нүүрсний үнэ өсөлттэй байгаа нь нөлөөлж байна. Мөн хөрш БНХАУ-ын эдийн засаг 7-8, дэлхийн эдийн засаг дөрвөн хувиар тус тус өсөхөөр байгаа нь манай өсөлтийг баталгаажуулж байгаагийн илрэл юм. 2020 онд 23 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх онтой харьцуулахад 7.8 тонноор илүү. Монголбанк сүүлийн таван жилд 100 тонн үнэт металлийг төвлөрүүлээд байгаа юм. Ингэснээр гадаад валюьын нөөцийг 880 сая ам.доллараар нэмэгдүүлж одоогоор 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар 2020 оны эхний хагас жилд зогсолтын байдалд байсан бол хоёрдугаар хагасаас сайжирч төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж улмаар зарим оронтой худалдааны маргаанаас үүдэлтэй хилийн хориг тавьсан нь манайд сайнаар нөлөөлсөн.
Энэ эерэг дүр зураг шинэ оны эхний хагаст хадгалагдах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, урд хөршийн эдийн засаг өсөлттэй байх төлөвөө дагаад зэсийн болон төмрийн хүдэр, нүүрсний эрэлт буурахгүй бөгөөд үнэ унахгүй гэсэн таамаглалд олон эдийн засагч нэгдэж байгаа. Гэхдээ зарим эдийн засагч зургаан хувиас доогуур 3-4.5 орчимд байна хэмээн таамаглаж байна.Тухайлбал эдийн засагч Н.Энхбаярын Монгол Улсын 2021 оны эдийн засгийн төлөв хандлага, халдварын тархалт, эрсдэлийн талаар хэрхэн тоймлосныг хүргэе.
Н.Энхбаяр: 2021 онд 30 орчим сая тонн нүүрсийг л экспортод гаргах төлөвтэй
-БНХАУ-Австрали улсын хооронд худалдааны маргаантай байдал үүсч, Австрали улсын нүүрсний экспорт ихээхэн тасалдах хандлагатай, Монгол улсын хувьд экспортоо нэмэгдүүлэх таатай боломж гарсан боловч дэд бүтцийн хоцрогдолын улмаас энэ боломжийг бид биш Индонези, ОХУ зэрэг бусад улс орнууд хамгийн сайн ашиглаж, экспортоо нэмэгдүүлж байна.Манай улсын хувьд шинээр барьж байгаа “Тавантолгой-Гашуун” сухайтын чиглэлийн төмөр замыг 2022 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тул энэ оны тухайд нүүрсний экспорт төдийлөн нэмэгдэхгүй, үндсэндээ 2020 оны түвшинд буюу 30 орчим сая тонн нүүрсийг л экспортод гаргах төлөв ажиглагдаж байна.
Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг алдаж нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 1263-д хүрч байна. Халдварын тархалт төдийлөн намжаагүй, цаашид ч нийслэл хотод хөл хорио тогтоох, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг тодорхой хугацаанд мөрдөх шаардлага тулгарч байгаа нь бизнесийн үйл ажиллагаа, ажил эрхлэлт, төсвийн орлогын бүрдэлтэд эрсдэл учруулсаар байна. Иргэдээ вакцинжуулахаар Засгийн газар, УОК-оос идэвхитэй ажиллаж байгаа боловч одоогоор гадаад зах зээлд вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал дутмаг, эрэлт өндөр байгаа тул манай улсад иргэдийг олноор вакцинжуулах үйл явц ирэх V-VIII саруудад хэрэгжих магадлал өндөр байна. Хойд хөрш ОХУ-д халдварын тархалт мөддөө намжихгүй, вакцинжуулалтыг ирэх найм, есдүгээр сарыг дуустал хийх хуваарьтай байгаа тул хойд хилийн боомтууд хэвийн үйл ажиллагаанд орох хүртэл ихээхэн цаг хугацаа шаардагдах болно. Халдварын тархалтын эрсдэлийн улмаас энэ жил аялал жуулчлалын салбар мөн л тэг зогсолт хийсэн хэвээр байх тул аялал жуулчлал, зочид буудлын салбарт таагүй нөлөө үзүүлж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
ЭДИЙН ЗАСАГ 3-4.5 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙХ ДҮР ЗУРАГТАЙ БАЙНА
БНХАУ-ын эдийн засаг энэ онд 8.2 хувиар өсөхөөр байгаа учир манай эдийн засаг дагаж 6.0 хувьд хүрнэ хэмээн Дэлхийн банк таамаглажээ.
Үүнээс үзвэл 2019 онд 5.1, 2020 онд -5.0 орчим хувь, 2021 онд 4.0 , 2022 онд 4.4 хувийн өсөлттэй байх дүр зураг гарах төлөвтэй гэж эдийн засагч Н.Энхбаяр үзэж байна.
Энэ бүхнээс үндэслэн тооцож үзвэл 2021 оны эдийн засгийн өсөлт Монголбанк, Сангийн яамны одоогийн төсөөлж буй 6.0-6.5 хувьд хүрэхгүй байх, харин 3.0-4.5 орчим хувийн өсөлттэй гарах магадлал өдөр ирэх тутам улам бүр нэмэгдэж байна.Монгол улсын гадаад өрийн дарамт, төгрөг ба юаны своп хэлцэлийн өр, төсвийн орлогын тасалдал, ковидын улмаас дотоодын бизнесийн идэвхижил тааруу байх зэрэг олон талын эрсдэл тулгарсан жил ирлээ.2020 оны дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас энэ оны өөдрөг төсөөллийн цаадах эерэг, сөрөг хүлээлт шалтгаална. “COVID-19”-өөс шалтгаалан дэлхий даяар худалдааны эргэлт эрс саарч, улмаар улс орнуудын эдийн засаг саарсан бол харин технологийн чиглэлийн зарим компаниуд үүссэн боломжийг оновчтой ашиглан борлуулалт, зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлж чаджээ.Үүнд, “Apple”, “Amazon”, “Alphabet”, “Facebook”, “Microsoft”, “Nvidia”, “Tesla” компаниудын зах зээлийн үнэлгээ нийт дүнгээр 3.4 их наяд ам.доллараар нэмэгджээ. Мөн онлайн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах таатай боломжийг олгосон “Zoom” компанийн зах зээлийн үнэлгээ 2019 оны байдлаар 18.8 тэрбум ам доллараар үнэлэгдэж байсан бол 2020 оны сүүлчээр тус компанийн нийт үнэлгээ 116 тэрбум ам.долларт хүрч эрс хурдацтай нэмэгдсэн, тус компанийн захирал Эрик Юань дэлхийн томоохон 100 тэрбумтнуудын эгнээнд багтсан.
2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинжээчид тав орчим хувиар өснө гэж таамагласан ч энэ хэмжээнд хүрэхгүй
2020 оны эхнээс дэлхий нийтээр тархсан коронавирусын тархалтын тохиолдлын тоо оны эцэст 83.8 саяд, нас барсан нийт хүний тоо 1.8 саяд хүрсэн. Халдварын тархалтын улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтоож, хилээ хаах арга хэмжээ авсан нь олон улсын худалдаанд, улмаар улс орнуудын эдийн засаг, бизнест ихээхэн таагүй нөлөө үзүүлж, олон арван мянган компанийг дампууралд ороход хүргэсэн. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын шинжээчид 2020 онд дэлхийн эдийн засаг -4.5 -5 орчим хувиар буурна гэж таамагласан.
Ирэх 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинжээчид өнгөрсөн намар таамаглахдаа тав орчим хувиар өснө гэж таамаглаж байсан бол хойд Америк, европын олон улс орнуудад халдварын тархалт улам нэмэгдэж, хөл хорио тогтоох арга хэмжээг үргэлжлүүлж байгаа тул дэлхийн эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаас саарч 4-4.5 орчим хувийн өсөлттэй гарч болзошгүй байна.
Дэлхийн улс орнуудын дундаас цөөхөн тооны улс орон өсөлттэй гарах төлөвтэй байна. Үүний дотор БНХАУ-ын эдийн засгийн өсөлт найм орчим хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд хүрэхийн тулд БНХАУ-ын удирдагчид “гадаад эдийн засаг болон дотоод эдийн засаг”-ийг дэмжих хоёр эргэлт гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай улсын гадаад худалдааны гол түнш орны эдийн засгийн өсөлт нааштай байх нь манай улсын түүхий эдийн экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх таатай боломжийг олгохоор байна.Гэвч халдварын тархалтын улмаас гадаад худалдаанд зарим нэг саад бэрхшээл учрах, түүхий эдийн үнэ ханш тогтворгүй байх зэрэг эрсдэл тулгарч болзошгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин