А.Лувсан-Очир: Нэр дэвшигч нэгээс илүү цахим хуудас ашиглаж болохгүй

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээ ашиглах зохицуулалтыг шинээр оруулсан. Нам эвсэл, нэр дэвшигч өөрийн тус бүр нэг цахим хуудсыг ашиглахаас гадна олон нийтийн сүлжээний болоод мэдээ мэдээллийн бусад цахим хуудсыг ашиглаж болно гэж хуульд заасан. Хууль дагаж гарах журмыг холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн батлах юм. Энэ талаар  Харилцаа холбооны зохицуулах газрын Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очиртой ярилцлаа.

-Фэйсбүүкийг УИХ-ын сонгуулиар хэрхэн зохицуулах вэ. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ гэдгийг журмаар хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Үүнийг журам батлагдсаны дараа зөвлөмжөөр хүргүүлнэ. Гурван төрлийн цахим орчноор сонгуулийн сурталчилгаа дамжуулах  боломжтой. Нэр  дэвшигч болон нам эвсэл  өөрийн тус бүр нэг  цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсаа нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл хоёр төрлийн цахим хуудасны хаягаа бүртгүүлнэ гэсэн үг. Энэ бүртгэлийг  Харилцаа холбооны зохицуулах хороо нэгтгэн авч, олон нийтэд мэдээлнэ. Тэгэхээр нэр дэвшигч хуульд заасан үүргийн дагуу заавал бүртгүүлсэн цахим хуудсаараа сонгуулийн сурталчилгаагаа хийнэ гэсэн үг. Мөн нэр дэвшигч, нам эвслийн цахим хуудас, бусад цахим хуудсыг ашиглан сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичихгүй тохиргоотой нийтэлнэ. 

-Хяналтыг хэрхэн хийх вэ?

-Эхний ээлжинд цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо фэйсбүүк компанитай шууд харилцах суваг нээгээд ажиллаж байна. Сонгуулийн үеэр мэргэжлийн төлөөлөл ирж, ажлын түр байр нээж ажиллахаар төлөвлөсөн. Хуурамч мэдээ мэдээлэл, түүнтэй холбоотой гомдол гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага нь шалгаад хуурамч болохыг тогтоож, Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн тохиолдолд тухайн хаягийг хязгаарлах, устгах зохицуулалтыг журам дээрээ тусгаж өгсөн. Тиймээс манай хороо эрх бүхий байгууллагуудаас гарсан санал шийдвэр, дүгнэлтийг үндэслэж арга хэмжээ авна. Иргэд, олон нийтийн гомдлыг Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хүлээж авна. Тухайн гомдол эрх бүхий байгуулагаар шалгагдаж, шийдвэр гарсаныг үндэслэж  холбогдох технологийн арга хэмжээг авна гэсэн үг.

-Технологийн арга хэмжээгээ тодруулвал?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөрчил гаргасан цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хаяг, контентыг устгах, хязгаарлах хүсэлтийг холбогдох газруудад нь явуулна.

-Хуурамч мэдээлэл маш хурдан тардаг. Түүнтэй адил шалгах нягтлах байгууллагууд хурдтай ажиллах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлж байна вэ? 

-Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо журмын төсөлд энэ талаар саналаа өгсөн. Эхний ээлжинд бид хоорондоо цахимаар маш хурдтай харилцаж ажиллана. Мөн фэйсбүүк компани сонгуулийн үеэр холбогдох бүх байгуулагатай хамтран ажиллана. Өнгөрсөн оны аравдугаар сард  Харилцаа холбооны зохицуулах хороо фэйсбүүк компани хооронд хууль бус контентын талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг албан ёсоор нээсэн. Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ “Community Standards” болон Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн контент, хэрэглэгчийн хувийн аккаунтыг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллаж байна. Гэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаална. Цахим сүлжээн дэх олон улсын  зохицуулалтын схем нь ч ийм. Өнөөдөр манайд нийгмийн цахим сүлжээнээс фэйсбүүкийг хамгийн өргөн хэрэглэж байна. Нийт хүн амын гуравны хоёр нь буюу 2.2 сая гаруй идэвхтэй хэрэглэгч бий. Мөн улсын хэмжээгээр "mn" домейнийг хэрэглэгч 16000 байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны дотоодын судалгаагаар идэвхитэй ажиллаж байгаа 200 орчим мэдээллийн цахим хуудас бий. Монгол хүүхдүүдийн дунд фэйсбүүк ашиглалт ямар хувьтай байгаа нь сонин биш болчихлоо. Нийт сурагчдын 97 хувь нь гар утас хэрэглэдэг бол хэрэглэгч хүүхдүүдийн 91 хувь нь ухаалаг утастай. Фэйсбүүкийг энэ хэмжээгээр хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс ч нэг хүүхэд хэдэн хаягтай байгааг бид судалж байна. Хүүхдүүдийг цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлүүлсэн нэгдсэн фортал сайт еkids.mn ажиллуулж, сэрэмжлүүлсэн, танин мэдүүлэхэд зориулсан мэдээллүүдээ өгч байна. Бидэнд цахим орчинд хурдтай ажиллах хууль эрх зүйн орчин,  технологийн боломжуудыг бий болгох, олон нийтийг соён гэгээрүүлэх гээд хийх ажил их бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.9  ПҮРЭВ  № 69 (6294)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615836
0 эможи
keyboard_arrow_up