Төлбөр тооцооны хэрэгслүүдийг хуулийн хүрээнд ТОЙМЛОВОЛ …

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Бэлэн мөнгө түрийвчээс картанд, картнаас гар утсанд шилжээд удаж байна. Өнөөдөр бид бэлэн мөнгө, интернэт банк, төлбөрийн даалгавар нэхэмжлэл, мобайл банк, төлбөрийн карт, мөнгөн гуйвуулга, цахим мөнгө, биллинг гэсэн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн. 2017 оны байдлаар манай улсын мөнгөний нийлүүлэлтийн 6-7 хувь нь бэлэн мөнгөний дэвсгэртээр үлдсэн нь банкны компьютерт хадгалагдаж буй тоон мэдээлэл хэлбэрээр эргэлдэж байна гэсэн судалгаа байсан. Тэгвэл 2018 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ эрхлэх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн банк л төлбөр тооцооны зөвшөөрөлтэй байсан. Сүүлийн үед төлбөр тооцооны маш олон сувгууд, аппликэйшнүүд гарч ирлээ. Банкны карт ч гар утасны энэ шийдлүүдэд улам бүр шахагдсаар байна. Тэгвэл Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэй төлбөр тооцооны хэрэгслүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Одоогоор Монголбанкнаас төлбөрийн хэрэгсэл буюу карт гаргах, хүлээн авах,  төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, цахим мөнгөний үйл ажиллагаа эрхлэх, клирингийн систем ажиллуулах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа гэсэн таван төрлийн зөвшөөрлийг олгосон байдаг аж.

Тухайлбал, бидний сайн мэдэх төлбөрийн картыг гаргах хүлээн авах, хүлээн авах зөвшөөрлийг бүх банк авсан байдаг бол банк бус хуулийн этгээд болох “Хай пэймэнт солюшнс” компани нь төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг авсан байна. Энэ нь цахим худалдаанд түлхүү хэрэглэгдэх төлбөрийн үйлчилгээ юм байна.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанкнаас дараах байгууллагууд холбогдох зөвшөөрлийг авчээ.

• Төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк,

• Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг Хас банк,

• Төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг “Хай пэймэнт солюшнс” ХХК,

• Төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс” ББСБ ХХК, “Худалдаа хөгжлийн банк”, “Дата бэйнк” ХХК, “ККТТ” ХХК,

• Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Мобифинанс ББСБ” ХХК,

• Картын клирингийн систем ажиллуулах зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банк (дэд гишүүдийн хооронд).

Харин хэрэглэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг урьдчилж байршуулсны дагуу тухайн мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээтэй олгогдсон, зөвхөн төлбөр төлөх, шилжүүлэг хийх зорилгоор ашиглагдах, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол энэ нь цахим мөнгө юм.  Хуулинд цахим мөнгө нь хэд хэдэн шинжийг нэгэн зэрэг агуулна гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх ёстой. Тодруулбал, төгрөгтэй ижил үнэ цэнэтэй байхаар хуульчлагдсан байна. Жишээ нь 100 төгрөг нь 100  цахим мөнгөтэй тэнцэх ёстой.  Ингэж байж харилцагчийн цахим мөнгийг төгрөгөөр баталгаажуулдаг байна. Одоогоор Монголбанкнаас цахим мөнгөөр төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг “Мобифинанс” ББСБ  кэнди үйлчилгээндээ авсан байгаа. Ер нь цахим мөнгийг жижиглэнгийн төлбөрийг хурдан шуурхай  төлөхөд ашиглахад тохиромжтой бөгөөд их дүнтэй гүйлгээ хийх бол банкны дансаа ашиглах нь тохиромжтойг Монголбанкнаас зөвлөсөн байна.

Банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгч банкийг сонгож хамтран ажиллах хуулийн зохицуулалттай бөгөөд одоогоор Хас банк энэхүү зөвшөөрлийг авсан байна. Банкнаас бусад байгууллага төлбөрийн хэрэгсэл гаргах тохиолдолд Монголбанкнаас тавьдаг нэг том шаардлага нь баталгааны данстай байхыг шаарддаг.

Төлбөрийн хэрэгсэл гаргах ББСБ эсвэл хуулийн этгээд нь банкинд баталгааны данстай байна гэсэн үг. Иргэдээс мөнгө хөрөнгө авч түүнийх нь оронд төлбөрийн хэрэгсэл өгөх ба иргэдээс авсан мөнгийг 100 хувь банкинд дахь баталгааны дансанд байршуулж, түүнийгээ Монголбанканд тогтмол шалгуулж байх ёстой юм байна.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ийм зохицуулалт байхгүй тул өндөр эрсдэлтэйг санууллаа. Мөн криптовалют нь Монгол Улсын хуульд заасан шинжийг хангадаггүй тул цахим мөнгөнд тооцохгүй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613946
0 эможи

keyboard_arrow_up