С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон СЭРГЭЛТИЙГ цааш ХАДГАЛАХ нь чухал

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй макро эдийн засгийн байдал, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.

-Макро эдийн засгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэнэ үү?

Бид эдийн засгийг гадаад сектор, санхүүгийн сектор, тѳсвийн сектор, бодит сектор зэрэг гол бүлгүүдэд хуваан шинжилдэг. Гадаад эдийн засгийн орчныг авч үзэхэд хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс худалдааны маргаан ширүүссэн ч нүүрс, зэс, тѳмрийн хүдэр, алт зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ, хѳрѳнгѳ оруулалтын орох урсгал боломжийн түвшинд байна. 2019 онд экспорт түүхэн дээд түвшинд, ГШХО 2018 онтой ойролцоо байх тѳлѳвтэй. Санхүүгийн секторт зээлийн хүү 2011 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрч буурч, банкны зээлийн ѳсѳлтийн 3/4-ийг бизнесийн зориулалттай зээл бүрдүүлэх болсон нь эерэг үзүүлэлт. Өнгѳрсѳн онд 40-50% давж хэт хурдтай ѳсч, эрсдэл үүсгэж болзошгүй байсан хэрэглээний зээлийн өсөлт макро зохистой бодлогын үр дүнд тогтвортой түвшинд орж буурлаа. Тѳсвийн секторт орлогын гүйцэтгэл ѳндѳр хэвээр байна. Татварын орлого ѳнгѳрсѳн онд 30% орчим ѳссѳн бол 2019 онд нэмээд 20% орчим ѳсѳлттэй яваа нь эдийн засгийн идэвхжлийг илэрхийлж байна. Зардал талд цалингийн ѳсѳлт, хѳрѳнгѳ оруулалтын ѳсѳлт эдийн засгийг дэмжих нѳлѳѳтэй. Тѳсвийн тэлэлтийн инфляцид үзүүлэх нѳлѳѳг нь Монголбанк анхааралтай харж байна. Тэгэхээр, эндээс дүгнэхэд валютын орох урсгалууд, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, тѳсвийн зардал зэрэг нь бодит сектор дахь идэвхжлийг санхүүжүүлж байгаа нь харагдана.

Мѳн эдийн засагт оролцогчдын итгэл харьцангуй ѳндѳр байгаа нь хэрэглээ, хѳрѳнгѳ оруулалтуудыг дэмжиж, ДНБ ѳсѳлтийг тэтгэж байна.

-Одоотой харьцуулахад 2014-2016 оны хүндрэлийн үеийн эдийн засаг ямар байв?

2014-2016 он бол Монголын эдийн засгийн хувьд 90-ээд оны хямралаас хойш тохиосон хамгийн хүнд жилүүд байсан. Ѳрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, ядуурлын түвшин 21%-аас 29% болж ѳссѳн. Эдийн засагт идэвхжил суларч, худалдан авах чадвар эрс унасан нь тухай үеийн импортын агшилтаас харагдаж байв. Төлбөрийн тэнцэл он дараалан алдагдалтай, том төслүүдийн хөрөнгө оруулалт гацсан байдалтай, валютын нөөц шавхагдаж, ханшин дээр маш их дарамт ирж байсан. Банкны секторт зээлийн тасалдал бий болж, зээл 2015 оны зунаас 11 сарын турш дунджаар 5% агшсан. Банкны секторт эх үүсвэрийн 40% нь Төв банкны төсвийн шинж чанартай санхүүжилтээс хамааралтай болсны зэрэгцээ барилга, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд зах зээл төрөөс илүү хамааралтай болж, гажуудсан байв. Төсөв алдагдлаа нөхөхөөр өндөр хүүтэй ЗГҮЦ арилжаалж байсан нь Засгийн газрын өрийн ачааллыг нэмэх, хувийн хөрөнгө оруулалтыг шахах (crowd-out) хүчтэй нөлөөтэй байлаа. Банкууд өндөр хүүтэй ЗГҮЦ-т их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл гаргахаа багасгаснаар аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олоход хүндрэлтэй, бизнесийн идэвхжил хумигдаж, эдийн засаг агшиж байсан гэсэн үг. Энэ нь эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл байдал руу хөтөлж байсан. Ингээд уналт даамжирсаар ёроолын үе нь 2016 оны 2 дугаар хагаст тохиож, Монгол улс

1) үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хямрал,

2) банкны хямрал,

3) төсвийн хямрал улмаар гадаад ѳрийн дефолт гэсэн үр дагаврын ирмэг дээр ирсэн.

-ДНБ-ийн бодит ѳсѳлт 7% орчим байгаа нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт. Эдийн засаг сэргэхэд мѳнгѳний бодлого хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

Хүндрэлийг даван туулах санхүүгийн нөөц Монгол улсад үлдээгүй байсан тул олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай хамтарч ажиллахаас өөр гарц, арга зам байгаагүй. Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн хѳтѳлбѳр, макро тохиргоонууд, банкны салбарт хийгдсэн реформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа төсөв, мөнгөний бодлого дээр шаардлагатай тохиргоог хийсэн нь амаргүй байсан хэдий ч урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болсон. Түүнчлэн, 2017 оноос гадаад орчинд түүхий эдийн эрэлт нэмэгдсэн нь сайн дэмжлэг болсон. Эдийн засаг тогтворжсоноор банкны салбар 2018 онд 22.1 их наяд төгрөг, 2019 оны эхний 9 сард 15 их наяд төгрөгийн санхүүжилтийг эдийн засагт нийлүүлсэн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9% байгаа нь 2011 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт боллоо. Түүнчлэн 2018 оны 2-р улирлаас хойш 6 улирал дараалан бизнесийн зээл 2 оронтой тоогоор ѳсч байгаа нь ажлын байр бий болох хѳрѳнгѳ оруулалтууд хийгдэхэд чухал түлхэц юм. Харин Тѳв банк ѳѳрѳѳ мѳнгѳ нийлүүлэх бус, бодлогын сахилга батыг хадгалж, валютын нѳѳцѳѳ нэмэгдүүлж, мѳнгѳний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн ерѳнхий орчныг тогтвортой хадгалж байна. Гадаад зах зээл дээр тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед цаашид хүлээгдэж буй сорилтууд, эдийн засагт үүсч болзошгүй чичиргээг даван туулахын тулд мѳнгѳний бодлого одоо эдийн засгийг нэмж хурдлуулах бус, тэнцвэрийг нь хадгалах, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалахад энэ маш чухал юм.

-Эдийн засаг сэргэсэн ч иргэдийн амьдралд хүртэхгүй байна гэж их ярьдаг. Хүртээмжтэй ѳсѳлтийг бий болгохын тулд мѳнгѳний бодлого яах хэрэгтэй вэ?

Ѳсѳлтийн хүртээмж ѳнѳѳдѳр дэлхий даяар тулгамдсан том асуудал болж байна. Гэхдээ энэ нь дан ганц мѳнгѳний бодлогоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Үр өгөөж нь илүү олон хүнд мэдрэгдэхийн тулд нэн тэргүүнд өсөлт аль болох тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх шаардлагатай. Харин эдийн засаг тогтворгүй, савлагаа ихтэй, эсвэл өсөлт бий болохгүй жилүүд олон байвал хүртээмжийн тухай ярих нь өөрөө утгагүй болно. Иймд макро тогтвортой байдлыг хадгалах сахилга баттай бодлого маш чухал. Үүнд мөнгөний бодлогын гол хувь нэмэр нь инфляцийг тогтвортой байлгаж, эдийн засгийн тогтвортой байдлын үндсийг бүрдүүлэхэд оршино.

-Эдийн засгийн тулгамдсан асуудал, эмзэг байдал нь юу вэ?

Хэдийгээр эдийн засаг 2-3 жилийн өмнөхөөсөө дээрдсэн ч суурь эмзэг байдлууд оршсоор байна. Нэгт, өрийн асуудал. Хувийн болон улсын секторын нийлсэн гадаад өр $29 тэрбум, үүнээс $14 тэрбум орчмыг ирэх 4 жилд төлөх хуваарьтай. Дээр нь өрхийн өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь санхүүгийн секторт ч, бодит эдийн засагт ч нэг эмзэг байдал болж байна. Хоёрт, төлбөрийн тэнцлийн эмзэг байдал. Валютын гол орох урсгал экспорт маань гадаад орчны байдал, түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай; цөөн улс, цөөн салбар, цөөн бараа бүтээгдэхүүний нөлөө өндөр хэвээр байгаа нь эмзэг байдлыг үүсгэж байна. Мөн дотоодын хуримтлал хангалтгүй тул хөрөнгө оруулалтыг гаднаас татаж хийхээс өөр сонголт хязгаарлагдмал, харин ГШХО цөөн салбар, цөөн төслөөс өндөр хамааралтай байна.

Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610077
0 эможи

Зочин
2019-11-06 08:26
БАС НЭГ БАБНИК
Зочин
2019-11-05 21:00
Тийм би хоцордын
Зочин
2019-11-05 15:40
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up