“ФАТФ”-т Монгол улс ҮҮРЭГ хүлээж буй боловч санхүү,эдийн засгийн ХЯЗГААРЛАЛТАНД өртөхгүй
2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийн талаар хэлэлцсэн байдаг. Энэхүү хурлаар хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан байна.
Тус хурлын өмнөхөн Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АРG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд улс төрийн өндөр түвшний энэхүү амлалтыг ФАТФ хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Монгол Улсын хувьд 2017 оны МУТСТ тогтолцоонд хийсэн харилцан үнэлгээний тайлангаас хойш ФАТФ, АРG-ээс өгсөн зөвлөмжид заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотойгоор тодорхой ажлууд хийж үнэлгээгээ ахиулсан.
ФАТФ нь МУТС-тэй тэмцэх, дэлхийн санхүүгийн системийг хууль бус мөнгөн хөрөнгийн урсгалаас хамгаалах чиглэлээр бодлого боловсруулж, түүнийг дэлгэрүүлэх чиг үүрэгтэй бөгөөд МУТС-тэй тэмцэх олон улсын стандартыг тогтоож түүнийг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад зөвлөдөг.
Монгол Улс нь газарзүйн байрлалын хувьд ФАТФ-ын бүсийн байгууллага болох Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АРО/-Т харъяалагдаж тус байгууллагад гишүүнээр элссэн. Улмаар ФАТФ-аас гаргасан 40 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлүүлж энэ хүрээнд ФАТФ, АРӨ-ээс Монгол Улсад нэмэлтээр хүргүүлсэн дараах ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон:
- Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
- Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлэх;
- Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
- Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэи нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг багтжээ.
Монгол Улс нь эдгээр ажлыг тоггоосон хугацаанд хурдан хийж гүйцэтгэх үүрэг хүлээж буй бөгөөд ФАТФ болон түүний бүс нутгийн байгууллагууд уг ажлын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах юм.
ФАТФ-ын ээлжит хурлын шийдвэрт “ФАТФ-аас Монгол Улсын эсрэг ямар нэгэн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхийг (enhanced due diligence) бусад улс орон, байгууллага, хуулийн этгээдүүдэд уриалахгүй бөгөөд эрсдлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн учир дутагдалтай асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгосон байна.
Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч дээр дурдсанаар энэхүү хяналтын хүрээнд Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй, бусад улс орнуудаас шахалт үзүүлэх асуудал байхгүй гэдгийг судлаачид хэлж байна.
Иймд Монгол Улсын хувьд:
- Санхүү, эдийн засгийн харилцаанд цочроо үүсэхгүй;
- Гадаад төлбөр тооцоо саатахгүй, санхүүгийн хэвийн зуучлал, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй;
- Валютын урсгал, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд нөлөө үзүүлэхгүй;
- Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бизнесийн харилцаанд орохдоо онцгойлон хяналт тавихгүй юм.
Дээрх хяналтын жагсаалтаас гарахын тулд ФАТФ-аас Монгол Улсад даалгасан нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргах хэрэгтэй.
Энэ хүрээнд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран “ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гаргасан шууд хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг сайжруулах нэмэлт ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийг баталсан нь төлөвлөгөөнд тусгасан ажлыг биелүүлж ахиц гаргахад нөлөөлсөн нэг чухал ажлын үзүүлэлт юм.
Монгол Улсын хувьд төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж ахиц гаргах хэрэгтэй бөгөөд энэхүү ажлын тайлангаа 2 сар тутам бичгээр тайлагнаж, 3 сар тутамд биечлэн хамгаална. Иймд ФАТФ-ын хяналтаас богино хугацаанд гарах бүрэн боломжтой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
У.УРАНЦЭЦЭГ